Д.Төгсбаатар нь урлаг урлагийн дээд уран зураач мэргэжилтэй нэгэн. Түүний гоц авъяас, нарийн торгон мэдрэмж, хорвоо ертөнцийн тоймгүй олон өнгийг нүдэндээ ялгаж цаасан дээр буулгадаг жирийн нэгэн Монгол залуу, бас Монгол уурхайчин. Цаашлаад тэрээр Даян Контракт Майнинг компанийн гүний уурхайн материал хангамжийн багт Уурхайчин оператор. Д.Төгсбаатарын зурсан “Оюу Толгойн нэг өдөр” зураг нь олон хүнд хүрсэн бүтээл билээ. Тэрээр 5 настай байхаасаа эхлэн хэд хэдэн удаа бие даасан зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Одоогоор тэрээр уурхайн чиглэлийн уран зургийн үзэсгэлэн гаргах хүсэл зорилготой яваа бидний нэгэн бахархалт уурхайчин. Зураач бас уурхайчин мэргэжлийг хослуулан байдаг тэрээр хамт олныхоо хөрөг зургийг зурж бусдыгаа баярлуулахаа ч бас мартдаггүй. Урлагийн хүн, тэр тусмаа мэргэжлийн зураач хүн хэрхэн уурхайн амьдралтай холбогдсон талаар энэ удаа бид сонирхлоо. Тэрээр хэлэхдээ:
“Би чинь өөрөө уурхайн хот гэгдэх Эрдэнэт хотод төрж өссөн хүн. Тиймдээ ч хэдийгээр би зураач хүн ч гэлээ уурхайн амьдрал надад их ойр санагддаг. Яг үнэндээ, анхандаа бол тогтмол орлоготой, бас шинэ зүйлд сурч мэдэх хүсэлтэйгээр Даян компанид орж байлаа. Орж ирэхэд үнэхээр халуун дулаан хамт олон угтаж мөн тэдний сэтгэл зүйн болон бие бялдрын чадварлаг байдал мөн тэр уул уурхайн тоног төхөөрөмжийг эзэмшиж байгаа чадвар нь үнэхээр миний гайхшралыг төрүүлж “Би бас яагаад тэдэн шиг ажиллаж, өсөн дэвшиж болохгүй гэж” гэсэн бодол намайг хурцалсан. Одоо бол ажилдаа маш дуртай.
Мөн ажилдаа дуртай байх нэг том шалтгаан нь “Оюу Толгой”-н уриа надад маш их таалагддаг. Эрдэс баялагаас Эрдэм мэдлэгийг бүтээнэ. Би энд ирээд надад болон бусдын амьдралд нөлөөлөх маш олон боломжийг олж харсан. Амьдрал ар гэрээ бүрэн дүүрэн авч явах боломжтой болдогоос гадна, өөрийгөө маш их хөгжүүлэн нээх боломжууд гарч ирдэг. Уурхайд ажилласанаар цаашдын амьдралын төлөвлөгөө маань эмх цэгцтэй болж, зорилго маань илүү тодорхой болж эхэлсэн.
Анх ирэхдээ нэг хар нүх рүү ороод л жоту бариад л хана балбах юм төсөөлж байлаа. Гэтэл ирээд үнэхээр “шок”нд орж байсан. Энэ их нүсэр тоног төхөөрөмж, хөгжил дэвшил, дээрээс нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг ямар өндөр хэмжээнд барьж ажилладагийг хараад үнэхээр сүрдсэн шүү. Аюулгүй ажиллагааг чандлан сахиж ажилладаг болсоноор, амьдрал дээрээ хүртэл маш хянамгай болсон.
Зураач хүнийхээ хувьд би бол реалист чиглэлийн зураг их зурдаг. Ер нь өөрөө их дүрс хайж абстракт чиглэл, тэр тусмаа өнгөөр тоглож зурах дуртай. Энд ажилладаг болсоноос хойш уурхайчдынхаа хөрөг зургийг зурж эхэлсэн. Жишээ нь одоо би уурхайчин Буянтөгсийг зурж байна. Тэр хэдийгээр надаас дүү ч гэсэн анх намайг ажилд ороход маш найрсаг байж, надад найзын хайрыг, хамт олны дулаан уур амьсгалыг анхлан мэдрүүлсэн. Тиймдээ ч би түүнийг их хүндэлдэг. Ер нь багийнхаа бүх л гишүүдийг хүндэлдэг. Тэд маань үнэхээр мундаг. Гэхдээ би мундаг гээд цээжээ дэлдээд байдаггүй. Ажилдаа ирэх, ажлаа хийх дуртай байх нэг том шалтгаан маань манай хамт олон. Бас биднийг ажиллаж амрах нөхцөл, хангамжийг минь маш сайн бүрдүүлж өгдөг Даян Контракт Майнинг болон “Оюу Толгой” компанидаа маш их баярлаж бас энд ажилдагаараа бахархаж явдаг. Даян компанид ажилласнаар амьдралд минь олон сайхан эерэг зүйл бий болсон гэж боддог шүү.
Харин яг уурхайн чиглэлийн талаар анх удаа зурсан зураг нь “Оюу Толгойн нэг өдөр” зураг. Уурхайн амьдрал их олон өнгөтэй. Би өөрөө гүний уурхайд ажилладаг болоод ч тэр үү зөвхөн гүний уурхайн өдөр тутмын амьдралыг шингээн буулгасан зургийг зурах хүсэлтэй болсон. Яг тухайн нэг өдөр өнцөг булан бүрт болдог аж амьдралыг харуулсан аж байдлын зургийг зурахыг хүсч байгаа. Яг л миний анх ямар ч төсөөлөлгүй байсан шиг бусад гүний уурхайн төсөөлөлгүй байгаа хүмүүст нэг зургаар бүхий л өгүүлэмжийг харуулмаар байна. Би өөрөө гүний уурхайд ажилладаг, тэндэхийн амьдралыг мэддэг, сэтгэл зүрхээрээ амталсан хүн болохоор гүний уурхайн аж байдлын зураг маань илүү үнэн бодитой байх болов уу гэж бодож байна. Удахгүй олон сайхан бүтээлээрээ эргэж уулзахын ерөөлийг дэвшүүлье.”
Зураач мэргэжилтэй уурхайчин |
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27
2024-11-18 09:58:28
2024-11-18 09:57:44
2024-11-15 09:36:12
2024-11-15 09:35:30
2024-11-15 09:34:24
2024-11-15 09:33:31