НЗДТГ, НСУГ, Монголын урлагийн зөвлөл Швейцарын хөгжлийн агентлаг, “Номадиа Пикчерс” компанитай хамтран Францын Элчин сайдын яам, Австралийн Элчин сайдын яам, Италийн Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын кино наадмыг 12 дахь жилдээ зохион байгуулж байна. “Улаанбаатар” олон улсын кино наадам 19-25-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд “Хэвтрийн хүн” киногоор нээлтээ хийлээ. /2020.10.19-ний 16:20/ Энэ наадамд 2019-2020 онд бүтсэн Монгол, Франц, Герман, Иран, Швейцар, Итали, Австрали, БНХАУ, Тайвань, Япон, Бразил улсын бүрэн хэмжээний 19 кино өрсөлдөж байна.
“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтэд тус наадмын сайхны удирдагч, кино найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Швейцарын хөгжлийн агентлагийн Хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, Франц улсаас Монгол Улсад суух Элчин сайд Филипп Мэрлин, “Хэвтрийн хүн” киноны найруулагч С.Бямбаа, киноны ерөнхий продюсер Ц.Ариунаа, хамтрагч продюсер, “Улаанбаатар” олон улсын кино наадмыг хамтран зохион байгуулагч Б.Наранбат, киноны гол дүрийн жүжигчин Г.Баттулга, Т.Ариунчимэг нар оролцсон юм. Энэ үеэр хэн юу хэлснийг хүргэж байна.
УРАН САЙХНЫ УДИРДАГЧ, КИНО НАЙРУУЛАГЧ, АРДЫН ЖҮЖИГЧИН Г.ЖИГЖИДСҮРЭН:
РОМАНААС САНААГАА АВСАН ИХ АЯТАЙХАН КИНО БОЛЖЭЭ
-Найруулагч С.Бямбаа, продюсер Ц.Ариунаа хоёрт баяр хүргэе. “Хэвтрийн хүн” кино их сонирхолтой бүтээл. 2000 оны эхээр яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүмүүс” хэмээх бэсрэг роман гарсан үедээ нэлээн шуугиулж байгаад чимээгүй болсон. Кино хийхэд их адармаатай зохиол учраас ямар болох бол гэж гайхаж байлаа. Романаас санаагаа авсан их аятайхан кино болжээ. Найруулагч С.Бямбаа их сайн ажилласан байна. Монголын кинонд сүүлийн үед дутагдаад байгаа юм бол ерөнхий продюсер. Мэргэжлийн продюсер гэдэг их том үүрэгтэй. Энэ ажлыг Ц.Ариунаа амжилттай, сайн зохион байгуулсан нь цаашид залуу продюсеруудыг гаргах найдлагыг төрүүлж байна. Энэ жилийн кино наадамд оролцсон хэд хэдэн киног залуухан продюсерууд итгэл хүлээж болохоор сэтгэгдэл төрсөн. Энэ нь Монголын кинонд орж ирж байгаа ололттой тал.
ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ЭЛЧИН САЙД ФИЛИПП МЭРЛИН:
ФРАНЦ УЛСЫГ ОНЦЛОХ ОРНООР СОНГОСОНД БАЯРТАЙ БАЙНА
-Франц улсыг онцлох орноор сонгосонд баяртай байна. Энэ жил Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байгаа. Мөн 1895 онд Францад анх кино урлаг үүссэнтэй холбоотой.
Францчууд хүний эрх, үгээ хэлэх эрх чөлөөг дээдэлдэг ард түмэн. Тиймээс киногоор дамжуулж манай орны үнэт зүйлийг харуулахыг зорьж байгаагаараа онцлог.
Энэ талаар өгүүлэх “85 оны зун” гэсэн киног маргааш ирж сонирхоорой. Монголын урлагийн зөвлөлд талархаж байгаагаа илэрхийлмээр байна.
Энэ жил хүүхдийн үзвэрийг нэмж онцлог болгон гаргаж байгаа нь таатай санагдаж байна. COVID-оос болж олон арга хэмжээ цуцлагдсан ч гэсэн Франц улс онцлог орон болж байгаатай холбогдуулан Франц найруулагчтай холбогдож онлайнаар залуу найруулагчдын хурал, зөвлөгөөн, форум хийх гэж байгаадаа баяртай байна.
ШВЕЙЦАРЫН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДАРГА СТЕФАНИ БУРРИ:
СОЁЛ, УРЛАГ ШВЕЙЦАРЫН ХОЛБООНЫ УЛСЫН ХУВЬД ЧУХАЛ БАЙДАГ
-Соёл, урлагийн том арга хэмжээнд хүрэлцэн ирж, хамтран нээж байгаадаа баяртай байна. Манай соёл, урлагийн хөтөлбөрийн нэгээхэн хэсэг, төслийн маань амжилт юм. Монголын соёлын хөгжилд хувь нэмрээ оруулах мөн олон талт өвөрмөц онцлогийг бэхжүүлсэн, нийгмийн хөгжил дэвшилд урлагийг уран бүтээлээр авчрах гол зорилготой. Манай төслийн шугамаар Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын наадам зохион байгуулж байгаад би баяртай байна.
Соёл, урлаг Швейцарын холбооны улсын хувьд чухал байдаг. Тиймээс бид Швейцарын хөгжлийн агентлагийн нийт төсвийн нэг хувийг соёл, урлагт зарцуулдаг. Швейцарын хөгжлийн агентлаг бол манай Гадаад хэргийн яамны харьяа байгууллага. Тиймээс үүний дагуу бид соёл, урлагийн хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна.
Соёл, урлаг бол тухайн орны онцлог, түүх, билэг тэмдэг учраас соёл, урлагаар дамжуулан залуу уран бүтээлчдийг дэмжих ажилд хүч гарган ажиллаж байгаа. Ганцхан киногоор зогсохгүй видео бүтээл, уран зураг, театр, дуурийг хамруулна. Кино урлаг өвөрмөц зүйл байдаг. Энэ нь хайрцагнаас гадуур сэтгэх, өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх гоё зүйл байдаг. Швейцарын Локарно олон улсын кино наадам байдаг. 2018 оноос Монголын урлагийн зөвлөлтэй хамтарч үүнийг зохион байгуулж байгаа. Энэ нь Монголын залуу кино уран бүтээлчдийг дэмжих хөтөлбөр юм. Мөн үүний дотор “Нээлттэй хаалга”-ны хөтөлбөр байдаг. Энэ нь залуу кино уран бүтээл, кино найруулга, продюсерыг дэмжих хөтөлбөр байдаг. Энэ жилийн наадамд манайх гурван киноны залуу уран бүтээлчийг шалгаруулж шагнасан байгааг хэлэхэд таатай байна. Монгол Улс соёл, урлагаар баялаг, залуу уран бүтээлчидтэй юм байна гэсэн юм.
Мөн уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор “Ирж яваа цаг” кино форум, “Авдраа уудал” найруулагчийн ур чадварын сургалтыг зохион байгуулах ажээ. Энэ жилийн кино наадам нь “Үзэхийн хязгаар” шинэ хэсгээр хөтөлбөрөө өргөжүүлж байна. Тус хэсгийг “Говийн зэрэглээ” киногоор нээж байгаа бөгөөд 1980 онд хийсэн энэ киног Архивын ерөнхий газар, “Номадиа Пикчерс” компанийн “Монгол кино НD” төслийн хүрээнд НD форматад хувирган олон улсын кино наадмын дэлгэцнээ анх удаа танилцуулах ажээ. Мөн Азийн кино урлагийн салбарын тэргүүлэх найруулагчдын шилдэг бүтээлийг “Азийн кино үзвэр”-ээр үзэгчдэд хүргэх ба ЕБС-ийн хүүхдүүдэд зориулсан “Хүүхдийн кино үзвэр”-ийг шинээр толилуулж байгаагаараа онцлог аж.
Эх сурвалж: gogo.mn
“Улаанбаатар” олон улсын кино наадам эхэллээ |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27