Мягмар, 2024-05-07
Улаанбаатар кино наадам "Сэр сэр салхи" киногоор нээлтээ хийнэ

15 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам 2023 оны 10-р сарын 16-22-нд Улаанбаатар хотноо болох гэж байна. Энэ жилийн наадмыг "Сэр сэр салхи" уран сайхны киногоор нээх гэнэ. Венецийн олон улсын 80 дахь удаагийн кино наадмын "Оризонти" хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчнээр “Сэр сэр салхи” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн Б.Тэргэл шалгарсан. Венецийн кино наадмыг 2023 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 9-ний өдрүүдэд Итали улсад зохион байгуулсан. Тус кино наадмын "Оризонти" уран сайхны кино хэсэгт найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кино сонгогдон оролцож, дэлхийн нээлтээ хийсэн юм. "Сэр сэр салхи" кинонд онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгөө хайх 17 настай бөө хүүгийн тухай өгүүлдэг. Уг уран сайхны кино нь залуу найруулагч П.Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй "Screendaily" сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэж байв. Залуу найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн наадмын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч. XV “Улаанбаатар” ОУКН-ын онцлох орноор Швейцар улс сонгогдсон бөгөөд энэ хүрээнд Швейцарын кино уран бүтээлчдийн шилмэл гурван бүтээл хүрнэ.
“Улаанбаатар” кино наадам Локарногийн олон улсын наадамтай цөөнгүй жил үр өгөөжтэй хамтран ажиллаж ирсэн бол энэ жилээс Швейцар улсын Ньон хотод жил бүр зохиогддог "Visions du Réel" олон улсын баримтат киноны наадамтай хамтран ажиллахаар болсон. Иймээс баримтат киноны төрлөөр олон жил уран бүтээл туурвиж, төсөл хэрэгжүүлж ажилласан, олон улсын туршлагатай мэргэжилтнүүд “Улаанбаатар” кино наадамд оролцох юм.
“Монгол кино уралдаан”-д урьд нь дөрвөн төрөлд шилдгийг шалгаруулдаг байсныг өргөтгөж, нийт 11 төрөлд шагнал хүртээхээр боллоо.
Наадмын олон улсын хөтөлбөр дэлхийн тэргүүлэх кино наадмуудад шилдгээр нэрлэгдсэн бүтээлүүдийг толилуулдаг. Энэ жил мөн дэлхийн кино урлагийн чиг хандлагын илэрхийлэл болсон 10 бүтээлийг хүргэнэ.
Кино үзвэрээс гадна олон улсын кино форум, “Авдраа уудал” кино уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна.

Улаанбаатар кино наадам "Сэр сэр салхи" киногоор нээлтээ хийнэ
2023-09-13 09:25:57
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0