Эрчим хүчний сайд Н. Тавинбэх амралтын өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймгийн ажилтай танилцаж, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажлаар айлчиллаа.
“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК нь Дорнод, Сүхбаатар аймгийн 36 сум суурин, уул уурхайн 13 ордын баяжуулах олборлох үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр, Чойбалсан хотын 830 аж ахуйн нэгж, 6614 айл өрхийн хэрэглэгчдийг 26.5 км далд болон ил шугамаар дамжуулан дулаанаар хангадаг. Тус компанийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 65 хувийг уул уурхайн хэрэглэгч эзэлдэг. 2021 оны өвлийн бэлтгэл хангах ажил 97.5 хувьтай байна.
Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 10 кВ талын ачаалал 6 хувь, 35 кВ талын ачаалал 7 хувь өсчээ. Иймд ирэх оны улсын төсөвт Дулааны станцын өргөтгөл шинээр барихад 3.2 тэрбум төгрөг тусгах шаардлагатай байгаа аж.
Эрчим хүчний сайд Н. Тавинбэх зах зээлээ өргөтгөх, нүүрсний уурхайн оролцоог тэгш хангах, ижил төрлийн тусгай зөвшөөрөл эрхлэгч нарт зах зээлээ алдахгүй байх, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, худалдан авалтыг тэвчих, үндсэн тоноглолд хөрөнгө оруулахад анхаарахыг үүрэг болголоо. Тэрбээр орон нутагт ажиллах үеэрээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан эрчим хүчний салбарт хийх бүтээн байгуулалтын талаар мэдээлж, импортын хараат байдлыг халах, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах төлөвлөгөөг танилцууллаа.
Дулааны станцын өргөтгөлд 3.2 тэрбум төгрөг шаардлагатай |
|