Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Төв штабын хагас жилийн ажлын үр дүнг танилцууллаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, өнгөрсөн амралтын өдрүүдэд үйлдвэрийн Төв болон чиглэл хариуцсан штабууд хуралдаж, тулгамдсан зарим асуудал, цаашдын зорилтын талаар илэн далангүй хэлэлцсэнийг онцлов. Оны эхний хоёрдугаар улиралд цех нэгжүүд хямралын эсрэг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд зардал бууруулах чиглэлээр хэрхэн ажилласнаа дүгнэж ирүүлсний дотор үйлдвэрлэлийн 11 цех өндөр хэмнэлттэй ажилласан байна. “Ковид-19” цар тахлын улмаас үүсээд буй эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж, дээрх үйлдвэрлэлийн цехүүд идэвх санаачилгаатай ажилласнаар 52.7- 1806 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Мөн нийтлэг үйлчилгээний цех буюу Аж ахуй, үйлчилгээний цех, Зураг төслийн хүрээлэн 22.5-140.5 сая төгрөг хэмнэж ажиллалаа. Иймээс, эдгээр цехийн хамт олонд нийт хэмнэлтийнх нь 10 хувийн урамшууллыг олгоно” гэж Ерөнхий захирал шийдвэрээ танилцуулав. Эндээс харахад, хэдийгээр цар тахлын хорио цээрийн дэглэмд ажиллаж байгаа ч хичээвэл илүү боломж байна, өөрөөр хэлбэл бид “Ковид-19” вирусын тархалтаас хамааралгүй ажиллаж чадах юм байна, гэсэн дүгнэлт хийсэн. Энд санаачилгатай ажиллаж буй удирдлага хамт олонд сэтгэл өндөр буйгаа ч ерөнхий захирал нэмж хэлэв. Тэрээр, үлдэж буй 4-р улиралд төлөвлөгөөт үзүүлэлтээ биелүүлж, өмнөх онд тогтоосон үйлдвэрлэлийн түүхэн дээд амжилтаа бататгаж ажиллахыг удирдлагуудад уриаллаа.
Он дуусах хүртэлх дөрвөн сарын хугацаанд Баяжуулах үйлдвэр 5000 гаруй тонн зэсийн баяжмал нэмэлтээр үйлдвэрлэж, сар тутам 20 вагон бүтээгдэхүүн илүү ачих даалгаврыг Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх үйлдвэрлэлийнхэнд өгөв. Уламжлалаар ёсоор ХАБЭА, Үйлдвэрлэлийн хэлтэс болон үндсэн цех, газар хэлтсүүд өнгөрсөн долоо хоногийн ажлаа танилцуулсан. Авто тээврийн цех, ажилчдын автобусанд хийх ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын ажлууд 70 хувийн гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ. Мөн энэ долоо хоногт үйлдвэрлэлийн бүс дэх технологийн зам засварын ажлууд эхлэх юм байна. Баяжуулах үйлдвэр хоёрдугаар шатны тээрмүүдийн бүтээмж дээшлүүлэхэд анхаарч буй бол Засвар механикийн заводынхон намар, өвлийн бэлтгэлээ 46 хувиар базаажээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон ДЦС-ын “их зогсолт” амжилттай болж, төлөвлөсөн 133 ажил бүрэн хийгдэж дууссаныг Эрчим хүчний хэлтэс мэдээлэв. Харин Барилга засварын цехийн ажилтнууд одоогоор 20 объектын бүтээн байгуулалт, засвар үйлчилгээний ажил гүйцэтгэж буй аж. Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар энэ 7 хоногт хүний нөөцийн төлөвлөлт, 100 шинэ ажилтан, 100 удирдах ажилтан зэрэг уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Гадаад харилцааны бодлогын газар үйлдвэрийн бүсэд зорчих маршрутыг шинэчилж, зочдод танилцуулга хийх зориулалттай аудио төхөөрөмж суурилуулах юм байна. Цех нэгжүүдийн мэдээллийн дараа Ерөнхий захирал зарим ажил удаашралтай байгаа удирдлагуудад анхааруулга өгч, хоорондын уялдаа холбоог сайжруулан нарийн төлөвлөлттэй ажиллахыг үүрэг болгов.
Фото Б.Баттөгс
Хэмнэлттэй ажилласан цехүүдийг урамшуулж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх даалгавар өглөө |
|