“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас аймгийн төр захиргааны байгууллага болон иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цагаан тоос дарах ажлын явц болон өнөөгийн байдлыг танилцууллаа. Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн хаягдлаас элсний хуримтлал үүсэж, хуурайшилт ихтэй үед цагаан тоос болон дэгддэг. Энэхүү цагаан тоосны дэгдэлтийн бүсэд Говил, Баянцагаан, Жаргалант сумын зарим багийн нутаг дэвсгэр хамаардаг бөгөөд өнөөдрийн уулзалтад эдгээр багийн иргэдийн төлөөлөл оролцов. Уулзалтын эхэнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх цагаан тоос дарах ажлын явц, гарч буй үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллээ.
Тухайлбал, цагаан тоосны хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран хийж буй бол Шинжлэх ухааны академитай хамтран байгаль орчин болон бусад чиглэлд хэрхэн нөлөөлж буйг тодорхойлохоор судалгаа шинжилгээ хийж байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн түвшний мэргэжлийн байгууллагууд нөлөөллийн судалгаа хийж, тогтооно гэсэн үг. Ингэснээр цагаан тоосны байгаль орчин, ахуй, хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгааг нэг мөр тодорхойлж, орон нутгийн байгууллага, ард иргэд, уурхайчдад хариулт өгөх боломжтой болох юм. Ийм зорилтыг дэвшүүлж, цагаан тоос хортой эсэхийн эргэлзээг тайлахаар ажиллаж байна, гэж “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн дарга Т.Батмөнх танилцуулгадаа дурдав.
“Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хэсэг нь орон нутгийн засаг захиргаа, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар болон Эрдэнэт үйлдвэрийн холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүдийн төлөөллүүдээс бүрддэг. Энэ удаагийн уулзалт, цагаан тоос дарах ажлын явцын бодит мэдээллийг хүргэж, дэгдэлтийн бүс дэх багуудын иргэдэд газар дээр нь үзүүлж, танилцуулах зорилготойг ажлын хэсгийнхэн онцлов. Мэдээлэл хийсний дараа уулзалтад оролцогсод асуулт тавьж, санал бодлоо солилцсон. Эрдэнэт үйлдвэрийн Хаягдлын аж ахуйн элсний хуримтлал нийт 1300 га талбайг эзэлдэг. Үүний 800 орчим га талбайд цагаан тоос дэгддэг бөгөөд өнөөдрийн байдлаар энэ талбайн 600 гаруй га буюу 80 хувьд нь цагаан тоос дарах ажил хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл, одоогийн байдлаар, цагаан тоос дэгддэг нийт талбайн 80 орчим хувийг нь дараад байна. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэр, Баяжуулах үйлдвэрийнхээ дэргэд Цагаан тоос дарах ажлын алба байгуулан, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран технологийн гурван арга нэвтрүүлсэн нь ийм үр дүн өгчээ. Уулзалтын дараа Говил, Баянцагаан багийн иргэд Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах ажил хэрхэн үргэлжилж буйг газар дээр нь үзэж, бодит байдалтай танилцлаа.
Б.ЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС
“Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг танилцууллаа |
|