Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Орхон аймагт ажиллалаа. Тэрээр Орхон аймгийн 266 ээжид “Алдарт эх” I, II дугаар зэргийн одон гардууллаа. “Алдарт эх” одон хүртэж буй эхчүүдийн 14 нь I дүгээр зэргийн одон, 52 нь II дугаар зэргийн одонт ээж болсон. Мөн Эрдэнэт хотод мэндэлсэн зургаа дахь гурван ихэр охины ээж Б.Цэрэннадмид “Алдарт эх”-ийн II дугаар зэргийн одон хүртлээ.
Эхчүүдэд одон гардуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Монголын сайхан ээжүүд ээ. Энэрэл хайрын дээд эхчүүд ээ. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, айл гэрийн баяр баясгалан болсон энхрий үрсээ аз жаргал, элбэрэл хайрандаа өлгийдөн бойжуулж, энхрийлэн өсгөж байгаад нь халуун талархал илэрхийлье. Ирээдүй Монголыг бүтээх үр хойч, залуу үеийг өсгөн хүмүүжүүлэхийн төлөө ээж таны хийж буй цаг наргүй хөдөлмөр бол иргэнийхээ хувьд, эмэгтэй хүний хувьд улс орны хөгжил дэвшилд оруулж буй үнэлж баршгүй үнэ цэнэтэй гэгээн үйлс юм. Ийм ч учраас Монголын төр ээжүүддээ талархал илэрхийлж, жил бүр төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эхийн алдар I, II дугаар зэргийн одон гардуулж, хүндэтгэл үзүүлдэг билээ” хэмээн тэмдэглэж, одон хүртсэн ээжүүдэд чин сэтгэлийн баяр хүргэв.
Фото Б.Баттөгс
Орхон аймгийн 266 ээж “Алдарт эх” боллоо |
|