Даваа, 2024-11-25
Аврагчид байшин барьж, алба хаагчдаа бэлэглэв

  Эрдэнэт үйлдвэрийн Гэрээт Аврах, гал унтраах 58-р ангийнхан “Хариу нэхээгүй тус” аяны хүрээнд аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Ганзоригт байшин барьж, бэлэглэв. Түүнийг “Эрдэнэт” сувиллын цогцолбор дахь цар тахлын үеийн тусгаарлалтад 21 хоног үүрэг гүйцэтгээд өнөөдөр ирэхэд,  хамт олон нь ийнхүү 56 м2 саруулхан гоёмсог, байшингийн түлхүүр гардуулан  өглөө. Х.Ганзоригийнх ам бүл тавуул, гэрт амьдардаг байж. Өрхийн тэргүүн сайхан байшинтай болж, байнгын асаргаанд байгаа бяцхан охиноо дулаан, тохитой орчинд өсгөх мөрөөдөлтэй явжээ. Энэхүү мөрөөдлийг нь биелүүлж өгсөн ангийн захирагч, хошууч А.Отгонбаяр болон халуун сэтгэлт хамт олондоо тэрбээр чин сэтгэлээсээ баярласнаа догдлон илэрхийлэв. Х.Ганзориг аврагч аавынхаа мэргэжлийг өвлөн өдгөө 18 дахь жилдээ тус ангидаа ажиллаж байна. Тэр аврах ажиллагаанд олонтоо оролцсоны дотор орон сууцанд цахилгаанаас үүдэн гарсан гал түймрээс  таван хүнийг аварсан, авхаалж самбаатай, ажилдаа сэтгэлтэй аврагч, гал сөнөөгч.
 
     58-р ангийн аврагч гал сөнөөгчдийн дунд барилгын болон цахилгааны нарийн  мэргэжилтэй хүн цөөнгүй болохоор тэдэнд байшин барихад бэрхшээл тулгараагүй,   14 хоногт босгосон гэсэн. Тэд албаныхаа түүхэн ойг угтаж, ангидаа 23 жил хүчин зүтгэсэн ахлах ахлагч М.Ганзоригтоо, мөн байшин барьж, 6-р сарын 20-нд хүлээлгэн өгсөн. Бас аймаг орон нутгийн удирдлагууддаа хандсанаар ахлах ахлагч Магнайбаяртаа өргөө цагаан гэр барьж өгчээ.
     Энэ  үйлсэд  дэмжлэг үзүүлсэн  Хүүхдийн хувцасны “Оч” дэлгүүр, Барилга засварын цехийн Доржболд ахлагчтай бригад, Барилгын материалын “Самбуу” төвийнхөнд тэд талархал илэрхийлсэн юм.
 
Я.Энхтуяа
 
Фото: Ш.Лхамсүрэн

Аврагчид байшин барьж, алба хаагчдаа бэлэглэв
2020-09-01 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0