Баасан, 2024-11-22
Баяжуулах үйлдвэрт зургаан сая тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай шинэ шугам барина

Эрдэнэт үйлдвэрийг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх Үндсэн чиглэлд томоохон зургаан төсөл тусгагдсаны нэг нь Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил юм. Тасралтгүй 42 жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн агуулга буурч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шууд нөлөөлж байна. Үүний зэрэгцээ Баяжуулах үйлдвэрт бага хүчин чадалтай олон тоног төхөөрөмж ажиллаж байгаа нь ашиглалтын болон засварын зардал өсгөөд зогсохгүй хүдэр боловсруулалтын өртөг зардал нэмэгдэх, үр ашиг буурах үндсэн шалтгаан болдог. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах болон баяжмалд нэг тонн металл зэс гаргах өөрийн өртөг орчин үеийн бусад үйлдвэрүүдтэй харьцуулахад өндөр байгаа юм. Иймээс үйлдвэрийн газрын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өртөг зардлыг бууруулах зорилгоор Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх ажил шат дараатай хийгдэж байна. Энэ хүрээнд Өөрөө нунтаглах хэсэгт зургаан сая тонны  хүчин чадалтай шинэ шугам барих юм. Одоогоор газар шорооны ажил нь 50 хувийн гүйцэтгэлтэй, 20 дох хоногтоо үргэлжилж байна. Үйлдвэрийн хүчин чадлыг 35 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэх энэхүү төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Жайнги найпу”, туслан гүйцэтгэгчээр “Эрдэнэт лайт”, “Эрчим төсөл” компани ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэрийн 125 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй өргөтгөлийн бүтээн байгуулалтыг ирэх оны наймдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй. Өргөтгөлийн тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэгдээд эхэлсэн бөгөөд оны сүүлээр талбай дээр бууна гэж Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон мэдээллээ.
 
     Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төслийн хүрээнд хөвүүлэн баяжуулах машин, бутлуур, тээрмүүдийг орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр солих, Хаягдлын аж ахуйг өргөтгөх ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Ингэснээр үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдээд зогсохгүй зардал болон хүдэр боловсруулах өөрийн өртгийг бууруулах, таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулах боломж бүрдэх юм. 
 
М.ОДГЭРЭЛ
 
Б.БАТТӨГС 

Баяжуулах үйлдвэрт зургаан сая тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай шинэ шугам барина
2020-07-03 00:00:00
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0