Ням, 2024-12-29
"Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 92%-ийг 35 хүртэлх насныхан эзэлж байна"

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 939 гэмт хэрэг, 1,173 сэжигтэн Цагдаагийн ерөнхий газарт бүртгэгдсэн байна. Энэ төрлийн гэмт хэргийн 55 хувийг 25-аас доош насны өсвөр үеийн хүүхэд, залуус үйлдэх эрсдэлтэй байдаг аж.

Тодруулбал, сүүлийн таван жилийн байдлаар мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 92.2 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуус эзэлжээ. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэдийн тоон мэдээллийг танилцуулбал, 

  • 91.1 хувь нь эрэгтэй
  • 8.9 хувь нь эмэгтэй байна.  

Залуусыг хорт зуршлаас ангид байлгах чиглэлээр Хар тамхитай тэмцэх газраас “-25” төслийг зохион байгуулж байна. Тус төслийн хүрээнд 25-аас доош насны хүүхэд, залуус руу чиглэсэн ажлыг хийж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригтбаатар “25-аас доош насны хүүхдүүд ихэнх цагийг гэр бүл, сургуулийн орчин болон найз нөхдийн хүрээлэлд өнгөрөөж байна. Тиймээс хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх, хорт зуршлаас ангид байлгах талаар зөв мэдээ мэдээллийг өгөх нь хамгийн чухал байдаг. Хар тамхитай тэмцэх газраас орон нутаг, дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдтэй хамтраад ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, эцэг эхчүүдэд эхний ээлжид хорт зуршлын талаар мэдээлэл өгч, цааш нь үр хүүхдүүддээ зөвлөж, мэдээлэл өгч байна.

Хар тамхинд эхний удаа гэж байдгаас ганц удаа гэж байдаггүй. Энэ аюулт тахлаар нэг л удаа тоглосон бол тэр зүйл таны эрх чөлөө, эрүүл мэнд, амь насаар чинь бүр мөсөн тоглох болно гэдгийг ухаардаггүй нь харамсалтай. Асуудлыг ерөөсөө нууж болохгүй. Тухайлбал: Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр 1800-2000 тусгай дугаар 24 цагаар ажиллаж байна" гэв. 

Сэтгэл зүйч Х.Сайнсанаа хэлэхдээ “Хүүхдүүд сонсож сурахаас илүүтэйгээр харж сурдаг.  Тиймээс өөрсдөө эрүүл амьдралын хэв маягтай, эрүүл найз нөхөрлөлийн үнэ цэнийг мэддэг байх тохиолдолд хүүхдүүд ч гэсэн ямар нэгэн байдлаар ятгалаг гарч ирсэн бол үгүй гэж  хэлэх тэр зоригийг нь өгч байдаг.

 Өсвөр насны хүүхэд, залуучууд интернэт, цахим сүлжээн дэх эх сурвалж тодорхойгүй, бодит бус, шинжлэх ухаан, судалгаа нотолгоонд үндэслэгдээгүй худал мэдээлэлд итгэх, найз нөхдийн ятгалгад автах, нэгнийгээ даган дуурайх, ганц удаа хэрэглэхэд “гайгүй байлгүй дээ” гэж хөнгөмсгөөр хандах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэж байна” гэв.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, профессор Л.Насанцэнгэл " Хүн болгон донтолтын талаар мэдлэг муутай байдаг. Хүссэн үедээ л гарчихдаг гэж боддог. Гэтэл эмгэг өвчтэй болчихсон, гарч болдоггүй. Сүүлдээ яаж ч чадахгүй болоод үүнийхээ эрхэнд орж амьдарч байгаад хорвоогийн мөнх бусыг үздэг аюултай бодис байдаг.

Мөн эцэг эх, асран хамгаалагч нарын мансууруулах бодисын талаарх мэдлэг, мэдээлэлгүй байдал, хайхрамжгүй зан, үр хүүхдэдээ тавьж байгаа хараа хяналт, хүүхэдтэйгээ харилцаж байгаа хандлага зэргээс шалтгаалан хүүхэд, залуучууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээтэй болох эрсдэлийг бий болгож байгаа юм" хэмээн хэллээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа "Хүүхдүүдийн донтолтод өртөж байгаа нас бол 13-14 нас гэж үзсэн байдаг. Хүүхдүүдийн өсвөр насандаа эхэлж байгаа донтолтын суурь нь гэр бүлийн орчин, бага насны хүмүүжлээс маш их хамааралтай байдаг. Хүүхдэд тохиолдож байгаа аливаа донтолтын асуудлыг шийдэхийн тулд эцэг эхчүүдийн хувьд өв тэгш гэр бүлийг бий болгох хэрэгтэй" гэдгийг онцолсон юм. 

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар


"Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын 92%-ийг 35 хүртэлх насныхан эзэлж байна"
2022-03-22 09:38:31
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ