Бямба, 2024-12-28
"Бэлтэс мөрөн компаниас мөнгө өсгөж авсан 1,600 хүнээс 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна"

ЦЕГ-ын Мөрдөн Байцаах Албаны Залилах гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Төгс-Ухаан Бэлтэс мөрөн компанитай холбоотой хэрэгт хэчнээн иргэн хохирсон талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж байсан Бэлтэс мөрөн компани нь иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100%-ийн хүүтэйгээр иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт тус аймгийн Цагдаагийн газар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан.

Шалгалтын явцад цагдаагийн төв газраас ажлын хэсгийн мөрдөн байцаагч нар Хөвсгөл аймагт ажиллаж, улмаар Бэлтэс мөрөн компанийн үйл ажиллагааг зогсоож, холбогдох шалгалтыг хийн 2022 оны тавдугаар сарын 9-ний өдөр тус компанийн удирдлагад ажиллаж байсан нэр бүхий найман хүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 13 мянган иргэнээс мөнгө татаж, 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 иргэнийг иргэний хариуцагчаар татсан. Бэлтэс мөрөн компанийн захирал болон ажилчдын нэр дээр байсан 13 тээврийн хэрэгсэл, 12 үл хөдлөх хөрөнгийг прокурорын зөвшөөрлөөр хураан авсан.

Урьдчилсан байдлаар 2,549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүнээс мөнгө өсгөж авсан 1,600 хүнийг эрүүгийн хариуцлагаар татаж мэдүүлэг авахад 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна.

Уг хэргийг аравдугаар сард багтаан шүүхэд шилжүүлэх саналтай ажиллаж байна" гэв.

Тус компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ХААН, Төрийн банк, ХХБ зэрэг бүх банкаар дамжуулан иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн нөхцөл байдал тогтоогджээ. 

Бэлтэс мөрөн компани нь газар тариалан, сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Дэлхий дахинд понзын систем гэж нэрлэгддэг буюу нэг хүнээс мөнгө өсгөж аваад буцаан өсгөж өгөх маягаар иргэдийг хуурч мэхэлсэн үйлдлийн аргатай байсныг тэрбээр хэллээ.


"Бэлтэс мөрөн компаниас мөнгө өсгөж авсан 1,600 хүнээс 11.1 тэрбум төгрөгийг буцаан авахаар тогтоогдож байна"
2022-09-26 15:27:09
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ