Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийг үндэслэн үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийн үзүүлж байгаа үйлчилгээ, бүтээгдэхүүн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зар сурталчилгааны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалтад үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдийг хамруулахад дараах зөрчил илэрлээ.
• Юнител ХХК нь:
- Хэрэглэгч урьдчилсан болон хосолсон төлбөрт хэрэглэгчийн хувьд нэмэлтээр идэвхжүүлсэн дата багцуудыг дууссан тохиолдолд дансан дахь нэгжээс хасагдах болон үйлчилгээний төлбөр хэдэн төгрөгөөр тооцох талаарх мэдээллийг хэрэглэгчдэд илгээдэггүй,
- хоногтой картаар нэг дор 2 удаа цэнэглэхэд нэгж нь нэмэгдээд хоног нь сунгагдахгүй, хоногтой нэгжээр цэнэглэхээр хоног дуусаагүй бол хоног нэмэгддэггүй.
• Мобиком корпораци ХХК нь:
- дараа төлбөрт миний моби багц, хосолсон төлбөрт хайбрид (hybrid) багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг.
• Жи мобайл ХХК нь:
- дараа төлбөрт “Enjoy data” багцын хэрэглэгчдийн өөрийн хэрэглээндээ нийцүүлэн бараа, үйлчилгээгээ чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж, уг нөхцөлийн дагуу хэрэглэгчээс сар бүр үйлчилгээний сарын хураамж нэхэмжилдэг,
- хэрэглэгчийн нэмэлт дата багцын ашиглах хугацаа, хэмжээ дуусаагүй зэргийг үл харгалзан хүчингүй болгодог,
- дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлүүдэд хэрэглэгч гэрээг цуцлах санал тавих боломжгүйгээр тусгасан.
• Скайтел ХХК нь:
- дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийн дата багцын хэрэглээ дууссан тохиолдолд задгай дата хэрэглээнд шилжсэн талаар болон задгай датаг хэрхэн тооцох үнэ тарифын мэдээллийг өгдөггүй,
- дараа төлбөрт үйлчилгээний гэрээ болон дараа төлбөрт үйлчилгээний гэрээний нөхцөлд хэрэглэгчийн эрхийг дордуулсан нөхцлүүд тусгасан зэрэг зөрчлүүд илэрсэн.
Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар арга хэмжээ авч хариуг ирэх 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор ирүүлэх талаар улсын байцаагчийн албан шаардлагыг зөрчил илэрсэн үүрэн телефоны оператор компаниудад хүргүүллээ. Албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан дараагийн шатны арга хэмжээ авч ажиллах болно.
Мөн иргэдээс дата хурдан дуусдаг талаарх гомдлыг шалгаж үзэхэд дижитал хэрэгцээний өсөлт, оператор компаниудын дата бүтээгдэхүүний хүртээмжтэй шууд холбоотой байх ба дээрх өсөлтүүдийн цаана дараах үндсэн суурь шалтгаанууд байна. Үүнд:
Ухаалаг утас үйлдвэрлэгчид нь жил бүр гар утасны загваруудыг програм хангамж болон техникийн үзүүлэлтүүдийн хувьд сайжруулан гаргаж байгаа бөгөөд ялангуяа дэлгэцийн хэмжээ, дэлгэцийн нягтаршлыг байнга сайжруулж байна. Энэ нь хэрэглэгчийн мобайл дата хэрэглээнд шууд хамааралтай бөгөөд хэрэглэгч илүү өндөр чанартай зураг видео бүтээж үүнийгээ нийгмийн сүлжээнд хуваалцахдаа илүү их дата ашиглана. Өндөр чанартай контентыг өөр хэн нэгэн хэрэглэгч нийгмийн сүлжээнээс үзэхэд мөн тэр хэмжээний дата зарцуулагддаг. Мөн программ хангамжийг байнга сайжруулахад (update) энэ хэрэглэгчийн дата хэрэглээнд мөн нөлөөлдөг байна. Дундаж хэмжээний шинэчлэлтийн хэмжээ нь 200mb-300mb байдаг бол томоохон шинэчлэлтүүд нь 1gb-6gb хүрэх ч тохиолдол байна. Хэрэглэгч өөрийн утаснаас мобайл дата ашиглан шинэчлэл хийх тохиргоог унтраагаагүй тохиолдолд энэхүү шинэчлэлт нь хэрэглэгчээс зөвшөөрөл авахгүйгээр шууд татагддаг байна. Уг үйлчилгээтэй холбоотой хяналт шалгалт явуулахад үүрэн телефоны оператор компаниудын хууль зөрчсөн үйлдэл тогтоогдоогүй. Иймд хэрэглэгчид эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд утсан дээрээ дата хянах програм суулгах эсхүл оператор компанидаа хандан шалгуулах боломжтой.
Түүнчлэн хэрэглэгч аль оператор компанийн дугаар ашиглаж байгаагаас үл хамааран өөрийн сонгосон үүрэн телефоны компанитай гэрээ байгуулж үйлчилгээ авах эрх үүсэх боломжтой болох талаар гомдол мэдээллийг тус газарт багагүй гаргадаг. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, 9.1.13-т “дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах” гэж заасан атал өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна.
Үүрэн телефоны операторуудад урьдчилсан төлбөрт үйлчилгээний дата дууссан тохиолдолд дансан дахь нэгжээс задгай төлбөр суутгадаг эсэх, хоногтой картаар дансаа цэнэглэх нөхцөлд үйлчилгээ хоног нэмэгдэж сунгагддаг эсэх, нэмэлт дата багц нь хоног дуусахаас өмнө устдаг эсэх, үйлчилгээний багц хооронд шилжих боломжтой эсэх болон үнэ цэнэтэй дугаараас бусад дараа төлбөрт багцын хэрэглэгчид гэрээг цуцлах, багц ахиулах боломжтой эсэхийг шалгахад эдгээр үйлчилгээ нь Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Иймд дээрх хуулийн хэрэгжилтийг дээрх хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах тухай албан бичгийг Цахим хөгжлийн яам, Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус хүргүүлж ажиллалаа.
Эх сурвалж: ШӨХТГ
Үүрэн телефоны үйлчилгээ эрхлэгчдээс дараах зөрчил илэрчээ |
2024-12-12 11:41:34
2024-12-12 11:41:01
2024-12-12 11:39:55
2024-12-12 11:38:52
2024-12-12 11:37:47
2024-12-12 11:36:57
2024-12-11 10:45:10
2024-12-11 10:43:49
2024-12-11 09:46:24
2024-12-11 09:45:24