Ням, 2024-05-05
Нүүрсний хулгайчдаа хаацайлсаар суутал яллагдагч нь суллагдсаар !

Хохирол нь 40 их наядаар хэмжигдэж буй нүүрсний хулгайн асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлттэй сонсгол зохион байгуулах байсан ч Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас ирүүлсэн саналыг үндэслэн, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.

Гэвч эл хэрэгт яллагдагчаар татагдан, шалгуулж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг өнгөрсөн сарын сүүлээр суллажээ.  Үүнээс өмнө тус компанид Дотоод хяналт эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан Х.Нурлат мөн суллагдсан юм.

Цаашдаа ч хоригдож буй яллагдагч нар суллагдаж мэдэх нь.  Өөрөөр хэлбэл, эрх баригчдын хувьд нүүрсний сонсголыг хойшлуулсан нь цаад талдаа маш том хулгайг нуух эрх ашигтай нь холбогджээ гэж хэлж болох нь.

Учир нь, “Шувуу” ажиллагаагаар эрэн хайлгаж буй "Тавантолгой төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нүүрсний сонсголд гадаад улсаас цахимаар оролцох боломжтой гэдэг санал тавьсны дараа уг сонсголыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан нь “бөмбөг тэслэхээс” сэргийлсэн хариу “цохилт” боллоо гэж үзэж болохоор буй.

Яагаад гэвэл Хөгжлийн банкнаас олгосон зээл, төсөл хөтөлбөртэй холбоотой асуудлаар УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо гурван сарын турш парламентын танхимд шүүх ажиллуулж, бизнес эрхлэгчдээ ялласан атлаа хохирол нь 40 их наядаар яригдаж буй нүүрсний хэргээр нээлттэй мэдээлэл сонсох болохоор “мөрдөн байцаалтын нууц задрах, гэмгүй хүмүүсийг буруутайд тооцох эрсдэлтэй” гэдэг тайлбар хийсэн нь үнэндээ үнэгэн заль л юм.

Мөрдөгчдөд ч олддоггүй бусдын дансны гүйлгээг шалгасан давуу эрх мэдлээрээ гурван сарын турш “шүүгч”-ийн дүрд тоглосон УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Мөрдөх албанаас гүйцэтгэх ажлын мэдээлэл сэтгүүлчээр дамжиж гардаг боллоо. Эх сурвалжаа хэлэхгүй байсан ч сэтгүүлч төрийн болон албаны нууц задруулсан хэргээр шууд ял эдэлнэ” гэж сүрийг үзүүлэх болсон нь яг үнэндээ намын нөхдөө нүүрсний хулгайн хэргээр чирүүлэхээс хамгаалж, сэтгүүлчийн амыг барих л гэсэн башир арга. Тэрбээр “Нууцын зэрэглэлтэй материал гаргаж тавиад байгаа” гэж бачимдана билээ. Шаардлагатай болоод л хуулийнхан нь сэвүүлээ биз.

Ер нь ч тэгээд нууцын зэрэглэлтэй материал задраад байгаа бол эрх баригчдын өөрсдийнх нь л ажлаа хийж чаддаггүй, унхиагүйгийнх болохоос үнэний дуу хоолой болох үүрэг хүлээсэн сэтгүүлчдийн хувьд ажлаа л хийж буй юм.

Тийм болохоор “2-8 жилийн хорих ялтай гэмт хэрэг шүү. Сэтгүүлчтэйгээ хамтарч шантааж хийж, мөнгөө хувааж авдаг юм уу, яадаг юм, хэдэн тэрбумаар нь” гэж гүтгэхээсээ өмнө нам доторх хулгайч нартаа яаж хариуцлага хүлээлгэх вэ гэдэг дээр байр сууриа илэрхийлж суувал УИХ-ын Хууль зүйн байнгын хороог удирдаж буйн үүргээ биелүүлэх болов уу.

Ер нь МАН-ынханд нэг тогтсон тактик байдаг нь хэргийг мартагнуулах замаар холбогдогчдыг нь сулладаг. Тэр арга нүүрсний хулгайн хэрэг дээр хэрэгжээд эхлэв үү гэж хардах үндэслэл ч гарч ирж буй.

Жишээ татвал, хэдэн жилийн өмнө Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан МАН-ынхны хэрэг задрахад юу боллоо. Намын дарга нь “Зээлээ хурдан төлцгөө. Төлөхгүй бол шоронд хатаана. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй” шахуу л сүржин мэдэгдэл хийсэн. Гэтэл юу болсон билээ. Тэрбум, тэрбумаар нь зээл авч, ард түмнийхээ боломжийг хулгайлсан ЖДҮ-чид нь эргээд УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, зарим нь хэргээ хялбаршуулсан аргаар шийдүүлээд наранд гарсан.

Нүүрсний хэрэг ч ийм замаар орохыг байг гэх газаргүй. Учир нь УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг БНСУ-аас ирсний дараахан 360 мянган ам.долларын авлига авсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татагдан хоригдсон  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ерөнхий захирал асан Д.Ариунболдыг сулласан.  Тэднийг хоорондоо уулзахгүй, үг хэлээ эвлүүлэхгүй байгаа гэдэгт хэн хяналт тавьж байгаа юм бэ. Казахстан улсад тансаг зэрэглэлийн орон сууц бариулж, Тавантолгойн ордоос орж ирсэн мөнгийг угаасан үндэслэлээр саатуулагдсан Х.Нурлат суллагдсанаар УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхантай уулзаж, үг хэлээ эвлүүлэхгүй гэдэгт хэн баталгаа гаргаж чадах юм бэ?.

“Шувуу” ажиллагаагаар дамжуулж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийнхээ нэрийг дэлхийгээр нэг зарлахаар үргэж дайжилгүй ч яах билээ.  Хамгийн хоржоонтой нь эрэн хайгаад буй нүүрсний том асуудалтан нь “Нүүрсний сонсголд цахимаар оролцож мэдээлэл өгье” гэдэг санал тавиад байхад сонсголыг хойшлуулчихаар  хэн та нарыг авлига хээл хахуультай тэмцэх хүсэл зориг байна гэж үнэмших юм бэ. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг л тавилттай жүжиг болж, хувираад байгаа шүү дээ.

Ер нь цаашдаа нүүрсний хэрэгт холбогдогчид нь ялих шалихгүй шалтгаан тоочсоор суллагдсаар байвал энэ хэрэгт хариуцлага хүлээх эзэн холбогдогч олдохгүй л болох болов уу.

Муу нэр луу данстайгаараа Ардчилсан намын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ л хариуцлага хүлээх байх.

Уг нь УИХ-аас энэ хэрэгт УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан нар холбогдсон.

Тэднээс Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол бусдынх нь бүрэн эрх хөндөгдөөгүй. Авлига хээл хахуультай тэмцэх амлалт өгч, хуулийг нь чангаруулсан УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Н.Наранбаатарыг хамгаалж үлдсэн. Улсын ерөнхий прокурор Н.Наранбаатар болон бусад гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах асуудлыг УИХ-д тавина гэдэг асуудал яригдсан ч зөрүүлээд “Прокурорыг өөрийг нь чөлөөлөх асуудал” чих дэлссэнээр нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн хэрэг зогсч байх шиг.

Ийм байхад нүүрснээс олсон мөнгөө гадаад руу гаргаж, тансаг хаус худалдан авсан, тансаг зэрэглэлийн орон сууц бариулж мөнгө угаасан яллагдагч нар наранд гарахаас ч яалтай билээ.


Нүүрсний хулгайчдаа хаацайлсаар суутал яллагдагч нь суллагдсаар !
2023-05-03 11:23:16
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ