Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу 103-ын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Тус төвийн дарга Т.Пүрэвдаш, Эмчилгээ эрхэлсэн орлогч С.Ариунболд, Автотехникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэлснийг бид мэдээлсэн. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга Т.Пүрэвдаш тэргүүтэй албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй, яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ажиллуулах гэрээ байгуулж, уг компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар 80.000 ам.доллар дамжуулан авч, завшсан хэрэгт яллагдагчаар тооцсон юм. 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин эд хөрөнгө завшсан гэж буруутган шалгаад дуусаж байгаа аж.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин
103-ын дарга нарын хэргийг шүүхэд шилжүүлэхээр төлөвлөжээ |
|