Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 251 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллалаа.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 2 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна. Тухайлбал, хоёрдугаар сарын 7-ны өдрийн 17.30 цагийн орчим Баян-Өлгий аймгийн Буянт сум 3-р баг “Урамт” гэх газар /сумын төвөөс зүүн хойш 45км/ шороон замд улсын дугааргүй Хурд маркийн мотоцикл Toyota corolla маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 29 настай, эрэгтэй Х-н амь нас хохирчээ. Мөн хоёрдугаар сарын 6-ны 21.00 цагийн орчим Баян-Өлгий аймаг Толбо сум 6-р баг “Бураат” гэх газар /сумын төвөөс баруун 15км/ шороон замд Northbenz маркийн автомашин онхолдож, жолооч 27 настай, эрэгтэй Э-н амь нас хохирсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолооч илрүүлсний 68 нийслэлд, 26 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж явахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ТЦА: Согтуугаар жолоо барьсан 94 жолоочид хариуцлага тооцлоо |
|