УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2020.01.06/ хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч ирэх долоо хоногт болгон хойшлуулжээ.
Учир нь Халдашгүй байдлын дэд хороог УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын парламентад хамгийн олон удаа сонгогдсон гишүүд бүрдүүлдэг бөгөөд Ч.Улаан, Д.Лүндээжанцан нар гадаадад томилолттой байгаа учир ийнхүү хойшлуулсан байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. Мөн Н.Номтойбаяр гишүүн уг асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууцыг задруулсан, хэргийг шалгах явцад саад учруулсан хэмээн үзэж ийнхүү бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр одоогоор БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа гэх мэдээлэл байна.
Түүнийг өнгөрөгч оны сүүлээр "Петровис" группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяагийн төрсөн өдрийн баярын үеэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцын хүү Х.Тайвантай маргалдсан гэх мэдээ зарим хэвлэлл гарч, дүрс бичлэг нь нийтлэгджээ. Тухайн өдөр Н.Номтойбаяр төрсөн өдрийн үдэшлэгт хоцорч очсон ба өөртэй нь мэндэлсэн Х.Тайвантай зөрчилдөж, гар зөрүүлжээ. Маргааны үеэр аяга авч шидсэнээс Н.Номтойбаяр гишүүн толгойдоо гэмтэл авсан бололтой.
Бичлэг (2019.12.27)
Н.Номтойбаярын Б.Хурцын хүү Х.Тайвантай маргалдсан бичлэг ил болжээ |
|