Сүүлийн жилүүдэд иргэдийн гадаадад суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагад залилангийн гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавьж, бусдаас зээл, тусламж авч "Виз найдвартай гаргана/цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт/" гэсэн хүмүүст ханддаг. Гэтэл "найдвартай" хэмээн амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг.
Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй "аман гэрээ" хийж их хэмжээний мөнгө залилуулсан хохирогчийн тоо нэмэгдэж байна. Түүнчлэн урьд нь залилах хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байна.
Визний залилан буюу энэ төрлийн аргаар гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга нь улам нарийсч Монгол Улсаас гадаад улсад оршин суугаа Элчин сайд, Өргөмжит консулын гарын үсэг, хэвлэмэл маягтыг хуурамчаар үйлдэх, зуучлуулагч болон виз гаргуулах хүсэлттэй иргэдтэй гадаадын иргэдийн нэрээр холбогдох, цахим хаяг, чат, гадны улсын утасны дугаараар холбоо барьж, бусдыг хуурдаг аж.
Энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэхийн тулд иргэд өөрсдийн биеэр материалаа бүрдүүлж, ном журмын дагуу визний мэдүүлэг хүлээн авах төлөөллийн байгууллагад хүлээлгэн өгөх хэрэгтэй.
Түүнчлэн цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг үйлдэгдсэний дараа гэмт хэрэгтний араас хөөцөлдөх бус, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтийг хамарсан арга хэмжээг хэд хэдэн үе шаттайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж. Тухайлбал, улсын хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж, хууль сурталчлах, олны танил хүмүүс, телевиз, радио, цахим мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдээр дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг иргэдэд хүргэж байгаа юм.
"Виз найдвартай гаргана" гэсэн залилан газар авч байна |
|