Баасан, 2024-12-27
"Өнгөрсөн 20 жилд газар олгосон захирамжуудыг ил болголоо"

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнөөдөр /2023.05.15/ нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын 36.958 мэдээллийг шилэн болгож буй талаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Засгийн газраас 2022-2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгон зарласан. Энэ хүрээнд "5Ш" ажиллагааны "Шилэн" ажиллагааны талаар долоо дахь өдрөө олон нийтэд мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар Shilen.gov.mn нийт хандалт 1.5 сая хүрч, 113.740 мөр өгөгдөл мэдээллийн санг бүрдүүлээд байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан 68 төрлийн мэдээллийг ил тод болгох үүргийг мэдээлэл хариуцагч нарт олгосон байдгаас газар зохион байгуулалт, ерөнхий төлөвлөлт гэсэн ерөнхий мэдээлэл олон нийтэд нээлттэй байхаар тусгагдсан. Мөн Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16.5 заалтад газрыг улсын бүртгэлийн мэдээлэлд хуульд хориглосноос бусад нөхцөлд нээлттэй байхаар заасан.

Мөн Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нээлттэй байхаар заасан бол тус хуульд хамаарахгүй гэж заасан эрх зүйн үндэслэлийн дагуу өнөөдрийн мэдээллийг нээлттэй болгож байна.

Хот бол бага газар дээр олуулаа амьдрах дээд зэргийн зохион байгуулалттай, инженерийн төлөвлөлт байдаг. Гэтэл өнөөдөр дэлхийн хамгийн хүйтэн нийслэл хотод ямар ч зохион байгуулалтгүй, шахалдаж амьдарч байна. Улсынхаа нийт газар нутгийн 0.3 хувьд хүн амын 50 хувь нь оршин суудаг хот дэлхий дээр бараг үлдсэнгүй. Энэ мэдээллийг ил болгохыг олон иргэн, сэтгүүлчид шаардсан. Нэг талаасаа Улаанбаатар хотын газар олголтын түүх түгжрэл, цементэн ой, ус, агаар, хөрсний бохирдлын түүх. Харин нөгөө талаасаа Монголын үе үеийн барилгачид, инженерүүд, баялаг бүтээгчдийн хөлс хөдөлмөрөөр боссон бүтээн байгуулалтын эхлэл суурь юм. Улаанбаатар хотын 1.5 сая иргэн та бид амьдарч буй хороо, хийдэг ажлаараа өөр боловч нэг л том хүсэл зорилго буюу орчин үеийн, ногоон байгууламжтай, аюулгүй хотыг хүсч буй. Тийм учраас энэ мэдээллийг улс төрийн өнцгөөс харж болохгүй гэдгийг онцолъё.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хотын дарга асан Э.Бат-Үүлийн гарын үсэг ч байна, МАН-ын гишүүн, хотын дарга нарын гарын үсэг ч бүр олон байна. Энд хувийн дүгнэлтийг өгөхийг хүссэнгүй. Иргэн, сэтгүүлчдийн эрх үүрэг ил тод болгосон мэдээллийг лавшруулж судлах юм.

Түүхтэй заргалдаад хэрэггүй. Бүх баримт цахим орчинд ил тод олон нийтэд нээлттэй хүрч байна. Ганцхан гарын үсэг, алга дарам цаас 10, 100 мянга, 1.5 сая хүн цаашлаад ирээдүйн хувь заяаг тодорхойлж буй. Үүний хүрээнд нийслэлийн Засаг дарга нар хэн, хаана, хэзээ, ямар хэмжээтэй газар олгосон талаар 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний түүх баримтыг олон нийтэд ил болгож байна.

Үүнд, газар эзэмших, ашиглах эрх олгосон 14954, эрхийн гэрчилгээний талбайн зориулалт өөрчилсөн 6329, эрхийн гэрчилгээ шилжүүлсэн 8525, эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 7150 гэх мэт нийт 36958 захирамжийг байршуулж байна.

E-Gazar вэб сайтад газрын мэдээлэл 100 хувь байршдаггүй. Тиймээс энэ мэдээллийн санг нийслэлийн мэдээллийн сантай холбож, Shilen.gov.mn мэдээлж байна гэсэн үг. Харин 2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх нийслэлийн газар олголтын талаарх мэдээллийг дүүргийн үе үеийн Засаг дарга нарын мэдээлэлтэй нэгтгэж, байршуулах ажлыг зургадугаар сарын 1-нээс өмнө хийнэ. Одоо нийслэл, сум, аймгийн Засаг дарга нарын олгосон газруудыг нээлттэй болгож байна.


"Өнгөрсөн 20 жилд газар олгосон захирамжуудыг ил болголоо"
2023-05-15 13:52:13
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ