Ням, 2024-11-24
Крипто: 2022 онд ухааруулсан бол 2023 онд цэвэрлэгээ хийнэ

Дэлхийн гурав дахь том крипто бирж FTX 2022 оны арваннэгдүгээр сард дампуурч, крипто зах зээлд хямрал нүүрлэсэн. Энэ үйл явдал нь крипто дампуурлын давалгааг өдөөж, бүтэлгүйтсэн хөрөнгө оруулалт, уналт хаа сайгүй үүсэв. Тэгвэл 2023 онд крипто зах зээл хэрхэх вэ?

FTX-ийн уналт, дампуурал нь крипто зах зээлд давалгаа үүсгэх вий гэсэн болгоомжлол бий болсон. Үүний улмаас бусад крипто компаниуд ажиллах хүчээ цомхотгох эсвэл хөрвөх чадварын асуудалтай тулгарсан. Genesis, Binance, BlockFi, Crypto.com, Huobi, Coinbase, Bitvavo, Kraken, Swyftx, Blockchain.com, ConsenSys, Amber Group, Silvergate зэрэг криптогийн уналтад өртсөн цөөхөн хэдэн крипто фирмийг энд дурдъя.

Digital Currency Group (DCG)-ийн худалдааны платформ болох Genesis FTX-ийн хамаарал бүхий компани болох “Alameda Research”-д хэдэн зуун саяыг зээлсэнээр асуудалд орсон. Тэд зээлдэгчдэдээ 3 тэрбум гаруй ам.долларын өртэй гэнэ. Мөн BlockFi “FTX”-ийн давалгаанд өртөж, нуман тулгуурт орсон.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ЦОМХОТГОЛ

Өнгөрсөн жил томоохон крипто компаниуд алдагдлаа багасгахын тулд ажиллах хүчээ эрс цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн. Тухайлбал, Crypto.com цомхотгол хийхгүйгээр FTX-ийн уналтыг даван туулах боломжгүй болсон тул ажиллах хүчнийхээ 20 хувь (490 ажилчин) -ийг цомхотгох болсноо зарлав. Huobi криптовалютын бирж ажилчдынхаа тоог 20 орчим хувиар бууруулахаар төлөвлөж байна.

АНУ-ын хамгийн том крипто платформ болох Coinbase крипто зах зээлийн уналтын үед бэлэн мөнгө хадгалахын тулд ажиллах хүчнийхээ тавны нэгийг (950 ажилтан) цомхотгохоор шийджээ. Coinbase зургадугаар сард ажиллах хүчнийхээ 18 хувийг цомхотгож байсан билээ.

Genesis л гэхэд FTX-ийн уналтын улмаас ажилчдынхаа 30 орчим хувийг цомхотгож, үйлчлүүлэгч татахаа больсон. Харин тэдний толгой компани DGC шат дараалалтай ажилчдынхаа аравны нэгийг халах шаардлагатай болсон аж.

ХӨРВӨХ ЧАДВАР ДУУССАН

FTX-ийн уналтаас үүдэн олон тооны крипто платформууд хөрвөх чадварын асуудалтай тулгарчээ.

Дэлхийн хамгийн том бирж болох Binance нь үйлчлүүлэгчдийн хөрөнгийг дэмжих нөөцийн асуудалд орсон. Арванхоёрдугаар сарын 12-ноос 14-ний хооронд хоёрхон өдрийн дотор зургаан тэрбум ам.долларын дижитал жетон татагджээ. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчид нь эрсдлээс зайлсхийж, мөнгөө эргүүлэн татсан аж.

Асуудалтай байгаа өөр нэг крипто компани бол крипто худалдааны платформ Gemini юм. Тэд Genesis-д 900 сая ам.долларын санхүүжилт олгосон гэнэ.

FXT уналт, үүний үр дүнд үүссэн криптомаркетуудын задрал нь Нидерландын крипто ертөнцөд бас нөлөөлж байна. 1,6 тэрбум еврогийн хөрөнгөтэй, 1 сая гаруй үйлчлүүлэгчтэй Нидерландын хамгийн том крипто арилжааны платформ Bitvavo хохирсон аж. Битваво нь Genesis дээр 280 сая ам.долларыг байршуулсан боловч үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгийг буцааж авахгүй байж магадгүй гэнэ.

Нидерланд улс зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй крипто биржүүдэд өндөр үнийн дүнтэй торгууль тавьж, цэвэрлэгээ хийж байна.

ДАВАЛГАА ТОМОРСОН НЬ

FTX-ийн уналтаас болж асуудалд орсон компаниудын тоо эрс нэмэгдэж байна. Зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан Coinbase Япон дахь үйл ажиллагаагаа зогсоожээ. Метрополитан банк холдинг корпорацийн Метрополитан арилжааны банк крипто арилжааны салбараа бүрмөсөн хаахаар шийдсэнээ мэдэгдэв. Алдарт USD Coin-ийг эзэмшдэг Circle Internet Financial нь олон нийтэд нээлттэй болох үйл ажиллагаагаа зогсоож байна. Мөн АНУ-д төвтэй Crypto төлбөрийн фирм Wyre дампуурахад ойрхон байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СӨРӨГ ХАНДЛАГА

FTX уналт дэлхийн өнцөг булан бүрт байгаа хөрөнгө оруулагчдад нөлөөлж, хөрөнгө оруулагчдын крипто валютуудад итгэх итгэлийг бууруулсан. Үүний үр дүнд үйлчлүүлэгчид хэдэн тэрбум ам.доллараар тоологдох хөрөнгөө крипто биржүүдээс татан авчээ. Нөгөөтэйгүүр, FTX дампуурлаа зарласны дараа хөрөнгө оруулагчдынх нь хөрөнгө плафторм дээрээ гацжээ.

ИРЭЭДҮЙ ГЭРЭЛТЭЙ БАЙНА

Гол крипто валютууд болох Bitcoin болон Ether түүхэн доод түвшиндээ хүрсэн. FTX бирж дампуурлаа зарлахад биткойны үнэ хэдхэн хоногийн дотор 20,000 гаруй ам.доллараас 16,000 ам.доллар хүртэл буурч, 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд 69,044 доллар байсан дээд цэгээсээ 75 гаруй хувиар буурсан байна.

Хоёрдахь томоохон крипто Ethereum ч мөн адил уналтад орж, үйл явдал өрнөхөд 1600 доллараас 1200 доллар хүртэл буурчээ. (2021 оны арваннэгдүгээр сарын 10-ны хамгийн өндөр үнэ нь 4444.53 ам.доллар). Dogecoin, Avalanche, Solana зэрэг бусад жетонуудын ханш мөн маш их унасан.

Нэгдүгээр сард крипто валютууд тодорхой хэмжээгээр хүчээ авсан нь гайхалтай. Тэргүүлэгч крипто валют болох биткойны ханш 23,000 ам.доллараас хол давж, нь өнөөг хүртэл 26%-иар өсөөд байна.

Криптовалютуудын үнэ дээр хэлсэнчлэн гүн унасан ба дефолт болон дампуурлын улмаас зах зээлийн үнэлгээ нь түүхэн дээд цэг болох 3 их наяд ам.доллараас 798 тэрбум доллар буюу 75 хувиар буурчээ. Өөрөөр хэлбэл, 2022 онд крипто зах зээлийн үнэлгээ нийт 2 их наяд гаруй ам.доллараар унажээ. 2023 оны нэгдүгээр сард дижитал валютын зах зээлийн нэгдсэн үнэлгээ дахин өсч, одоо 1 их наяд доллар давсан байна.

ЭЕРЭГ ТӨСӨӨЛӨЛ

Крипто зах зээл эргэн хөл дээрээ босоход хугацаа хэрэгтэй. Магадгүй 2023 оны дөрөвдүгээр улирал эсвэл түүнээс ч их хугацаа орж болзошгүй. FTX-ийн халдвар цааш тархаж,  олон ч бирж дампуурч, шүүхийн хэрэг нь хэдэн сая хүнийг хамрах эрсдэлтэй.

FTX-ийн дампуурал нь зохицуулалтгүй, хамгаалалтгүй крипто зах зээлд илүү үр дүнтэй хяналт тавих, зохицуулалтыг нь сайжруулах ёстой гэдгийг харуулсан. Илүү хатуу зохицуулалт, хяналтын хажуугаар илүү найдвартай крипто зах зээлийг бий болгох нь тус салбарын нэн шаардлагатай зорилго байхын зэрэгцээ хөрөнгө оруулагчид криптогийн янз бүрийн эрсдэлийг ойлгох боловсролтой байх хэрэгтэй болж байна.

Монголчуудад ч гэсэн крипто зах зээлийн талаарх боловсрол, эрсдэл даах чадвар хэрэгтэй гэдгийг сүүлийн хэдэн хоногийн үйл явдлууд хангалттай харуулж байна.

Европын холбооны Крипто хөрөнгийн зах зээлийн зохицуулалт /MICA/ нь өнөөг хүртэлх хамгийн сайн зохицуулалтын тогтолцоо гэж мэргэжилтнүүд үзэж байна. Уг хуулийн төсөл нь мөнгө угаах, байгаль орчин, аж ахуйн нэгжийн тайлан, хэрэглэгчийн эрхийг хамгаалах зэрэг салбар бүрийг хамарсан өргөн хүрээтэй. Хамгийн гол нь хөрөнгө оруулагчид хөрөнгөө алдсан тохиолдолд крипто биржид хариуцлага хүлээлгэх замаар хэрэглэгчдийн хохирлыг багасгах зорилготой аж.

Мөн коин гаргаж буй компаниудыг эрсдлээ даах, уналтаас урьдчилан сэргийлэх хангалттай санхүүгийн чадавхи, нөөцтэй байхыг шаарддагаас гадна крипто олборлогчдоос эрчим хүчний хэрэглээгээ ил болгохыг шаарддаг. Үүнээс гадна Европт үйл ажиллагаа явуулж буй аливаа биржийг Европын холбооны гишүүн улсын санхүүгийн зохицуулагч хянадаг гэнэ.

ДҮГНЭЛТ

Хэдийгээр өнөө үед криптовалютын хэтийн төлөв муу байгаа ч энэ салбарын цар хүрээ, хөгжил зогсохгүй. Үүнийг шилжилтийн үе гэж харах ёстой. Одоо л жинхэнүүд нь хуурамчаасаа ялгарч, иргэд мэдээлэл, ойлголттой болж байна. Мөн хууль санаачлагчид нарийн зохицуулалт хэрэгтэйг ойлгож байгаа биз. 2022 он бол дохио, сэрэмж өгсөн жил байлаа. Харин 2023 он бол их цэвэрлэгээний жил байх болно гэж мэргэжилнүүд үзэж буй.


Крипто: 2022 онд ухааруулсан бол 2023 онд цэвэрлэгээ хийнэ
2023-02-06 09:46:33
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0