Ням, 2024-11-24
Жамал Мөрригийн амьдралын нэг хэсэг...

Дэнвэр Наггэтс багийн хамгаалан тоглогч Жамал Мөрри 2016 онд "The Players Tribune" сайтад өөрийн хувийн амьдралынхаа талаар, сагсан бөмбөгтэй хэрхэн амьдралаа холбосон тухай дэлгэрэнгүй бичиж нийтэлж байжээ. Тэрээр ийнхүү өөрийн амьдралын нэг хэсгийг цахим хуудсаар дамжуулан хүргэж байв.

"Нум эвшээлгэн, сум тавих харваач" - Жамал Мөрри (2016 оны 5-р сарын 17-нд)

"Five Deadly Venoms" гэх нэртэй Хятадын нилээд хуучны уран бүтээл бол миний хамгийн анхны үзсэн тулааны урлагийн төрлийн кино юм. Би тэгэхэд долоо настай л байсан. Аав бид хоёр гэрийнхээ зочны өрөөний шалан дээр зурагтныхаа урд суугаад уг киног хамтдаа үзэж байлаа. Тус кино нь нэгэн ахмад настай кунфугийн мастер болон түүний шавийн хамтаар эхэлнэ. Тэд Хятадын хаа нэгтээх сүм эсвэл агуй дотор гал түлж суух агаад, шавь нь багшийгаа халуун усанд оруулж байх нь тэр аж. Багш нь нилээн өндөр настай, мөн тамир тэнхээ нь ч барагдсан нэгэн байв. Түүнд сүүлийн ганцхан хүсэл байсан бөгөөд тэрээр шавьдаа атгаг хорон санаат болж хувирсан өөрийнхөө өмнөх таван шавийг буулгаж авах даалгавар өгдөг. Тэдгээр муу залуус тус бүрдээ амьтдын нэрээр нэрлэгдсэн өвөрмөц тулааны арга барилтай: Олон хөлт, Гүрвэл, Хилэнцэт хорхой, Могой, Бах. Хүн тус бүрийг нь буулгаж авахын тулд дээрх таван тулааны урлагийн хэв маягийг бүгдэнг нь сурах хэрэгтэй болно гэж багш нь шавьдаа тайлбарладаг. Хүүхэд байхдаа би энэ мэтчилэн маш олон кино үзсэн. Киноны дуу оруулга нь хүртэл надад догь санагдана. Би үнэн хэрэгтээ киноны хадмал орчуулгыг гүйцэт ажигладаггүй байсан юм л даа. Гэхдээ тэр хамаагүй ээ. Би кинонд хайртай. Би гадаад ертөнцийн тухай улам илүү ихийг, мөн кинонд гарч байгаа залуусыг яаж ханан дээгүүр гүйж бас модон хаалгыг духаараа хэрхэн нурааж чадаж буйг мэдэхийг хүссэн. Би хэзээ ч энэн шиг зүйлсийг харж байгаагүй. Тэд биеэ үнэхээр гайхалтай удирдаж байсан. Би тулааны урлагийн (кун фу) тухай буу халж суудаг гэрт өсч торнисон. Ихэнхи гэр бүлүүп хоолны ширээнийхээ ард сууж байхдаа Jackie Chan эсвэл Шаолинын сүм хийдүүдийн тухай ярьдаггүй гэдгийг би арай жаахан том болох хүртлээ олж мэдээгүй л явсан даа. "Кун фу"-тэй кино үзэхийн хамгийн сайхан нь аавтайгаа хамт буу халж, үзэл бодлоо хуваалцах. Аав бид хоёр тулааны урлагийн төрлийн киног хэзээ ч зүгээр л хөгжилдөж зугаацахын тулд үзэж байгаагүй. "Чи түүний тэнцвэрийг хэр сайныг харж байна уу?" гэх мэтчилэн амнаас нь үргэлж алт мэт үнэтэй зөвлөгөө унана. Аавын минь хэлж ярьсан болгон нь надад сургамж, хичээл болдог. Би тулааны үзэгдэл хэсэгт нь хамгийн их дуртай байсан. Бид хоёр Брюс Лигийн тухай зөндөө их ярилцана. Би ааваасаа "Брюс Ли"-гийн хэсгийг ухраагаад дахиж тавьж өгөөч гэж асууж, бид хоёр түүний хөдөлгөөнийг удаашруулан дахин давтаж үздэг байв. Брюс Ли хоёр "nunchakus"-оо яг л биеийнхээ нэг хэсэг юм шиг л эргүүлдэг байсан сан. Аав минь надад зодооноос илүү их зүйлийг анзаар гэж зөвлөсөн юм."Түүний хөлийн ажиллагааг хар л даа. Түүний тэсвэр хатуужлыг бас хар даа." гэж тэр хэлдэг байж билээ. Тэр зурагтны яг өмнө очиж зогсоод Брюс Ли рүү заагаад: "Түүнийг оюун санаагаа хэрхэн өөрийнхөө өрсөлдөгчийг буулгаж авахдаа ашиглаж буйг үз." Аав минь "Брюс Ли"-гийн жижигхэн биетэйг онцлох дуртай байсан. Тэр үнэхээр их хүч чадалтай байсан. Гэхдээ тэр хүмүүсээс булчингаараа илүү гараагүй шүү дээ. Тулааны урлагт сэтгэл зүй бол маш чухал. Бясалгаж сурсан маань миний мэдээ орсон цагаасаа хойшхи хамгийн анхны дурсамжуудын минь нэг. Би гурав эсвэл магадгүй дөрвөн настайгаасаа бясалгал хийж эхэлсэн. Бясалгаж байгаагаа ч би үнэндээ мэдээгүй. Энэ нь зүгээр л эцгийн маань зохиосон хачин тоглоом гэж л би бодож байсан. Би буйдан дээр cуугаад хөдөлгөөнгүй болтлоо хичээдэг байсан. Тийм ч бэрхшээлтэй байгаагүй ээ. Үүний дараа нь аав маань намайг инээлгэх гэж оролдоно. Тэрээр инээдтэй царай гаргаж бас анхаарлыг маань сарниулах бүхий л төрлийн арга замыг бодож олж байсан. Би хяналтаа алдахгүй байж, түүнийг дэргэд маань байхгүй байгаа юм шиг дүр эсгэж, хариу үйлдэл үзүүлэх ёсгүй байлаа. Гэхдээ үндсэн зорилго нь түүнийг дэргэдээ байхгүй мэтээр жүжиглэхэд биш, оюун бодол санаагаа цэгцлэхэд оршиж байлаа.

Өсч томрох тусмаа би улам илүү их сайжирсан. Гэр бүлээрээ түвшингээ нэмж олон нийтийн газруудад буюу цэцэрлэгт хүрээлэнгийн сандал аль эсвэл томоохон зоогийн газарт бясалгал хийнэ. Ердөө хоёрхон минутын турш оюун санаагаа цэгцэлж, бясалгал хийхэд хүртэл надад хэний ч харж чадахгүй онцгой дасгал сургуулилт хийчихсэн юм шиг санагдана гээч. Ойлгомжтойгоор тайлбарлавал, би бэлтгэл хийж байна гэсэн үг. Сагсан бөмбөг бол миний анхны хайр. Торонто хотоос нэг цагийн зайтай "Kitchener" хэмээх жижигхэн хотод би өсч торнисон. Зарим хүмүүс манай хотыг хуучин хүнд жингийн аварга Леннокс Льюсийн дош гэдгээр нь мэддэг. Мөн энд хоккейн спорт нилээд том байр суурь эзэлдэг, аргагүй л дээ, Канад улс шүү дээ. Би үнэндээ хэзээ ч тэшүүрээр гулгаж чадахгүй ээ, гэхдээ сургуульд ангиараа хоккей тоглоход би хаалгач хийж л явлаа. (Би ч үнэн лаг хаалгач хийдэг байлаа. Би үргэлж гартаа сагсны бөмбөг барьж явдаг хүүхэд байсан гэдгээрээ олны дунд нилээн алдартай болсон. Бага ангид байхдаа сургуульдаа байнга бөмбөгөө авч явна. Очих замдаа байж болох бүх аргаар бөмбөгөө зална. Дараа нь сургуулиасаа гэр лүүгээ харихад ч мөн адил. Хааяа би бүр бөмбөгөө өвөртлөөд унтчихдаг байлаа. Би хуруугаараа сагсны бөмбөг эргүүлж сурч байснаа санаж байна. Энэ ээжийн маань их ярих дуртай түүх л дээ, учир нь би гол тогооны өрөөн дотроо туршиж, бэлтгэл хийж байгаад зөндөө их шил хагалж байсан юм. Аав маань сагсан бөмбөгийн бэлтгэл хамтдаа хийхдээ жаахан кунфугийн зүйлс оруулдаг байв. Жишээ нь: "Энэ нүдний шилийг зүүчих" гэж хэлээд, бид хамтдаа гэрийнхээ хашааны гадаах талбай руу очно. Уг талбай маань битүү зүлгэн дээр щит зоочихсон бөгөөд бас дээрээс нь тэнд хүмүүс байнга л тоглодог байсан учраас ёстой л шороотойгоо хутгалдана шүү дээ. Би бүр саваа модоор хэмжиж байгаад өөрийн гурвын зайн шидэлтийн зураасыг бий болгож ч байсан. Би энэ талбайдаа хайртай. Юуны түрүүнд, "blindford drill - нүдээ боож, хааж эсвэл нүдээ аньж бэлтгэл хийх"-д би үнэндээ дургүй. "Яагаад бид ийм юм хийгээд байгаа юм бэ, ааваа?" гэж гомдоллож, хэн ч ийм бэлтгэлүүдийг аавтайгаа хамт хийхгүй шүү дээ гээд л түүнээс асууж гарна. Харин аав "Хэрэв чи биеэ удирдаж, хянаж чадахгүй бол яг ингэж л санагдана, чи сохор болж тоглож байна шүү дээ." гэж хариулна. Энэ нь яг л кун фугийн кинонд тоглож буй мэт сонсогдоно. Энэ бэлтгэл сургуулилтийг хийснээр миний шидэлт хэр сайжирч байгааг нүд минь боолттой учраас харж чадахгүй л байлаа. Иймд юу болж байгааг мэдэхгүй хэрнээ маш олон удаа үргэлжлүүлэн шидсээр л байдаг байсан. Иймд би торгуулийн шидэлт гүйцэтгэх үед аав самбараас бөмбөг авч, над руу дамжуулна. Шидлээ... дахиад л шидлээ...Аав минь надад тэсвэр хатуужил суулгаж, хүчирхэг сэтгэлзүйтэй болгохын тулд чадахаараа хичээсэн. "Магадгүй, чи бэлэн биш байгаа байх!" "Явах цаг боллоо." "Чи дууссан." гэх мэт зүйлийг хэлнэ. Заримдаа шидсэн бөмбөг маань цагирагтаа хүрэхгүй, гэхдээ ихэнхи нь цагирагаа мөргөдөг байсан. Цөөхөн хэд нь л цагирагтаа орно. Clank. Clank. Clank ( бөмбөг цагиригт оролгүй, цагираг эсвэл самбарыг оноход ингэж дуугарна.)

Заримдаа аав маань бүхэл бүтэн нэг хором бөмбөгөө дамжуулахгүй, барьж зогсоод, намайг хүлээлгэдэг байв. Алчуураа тайлаарай гэж түүнийг хэлэхэд нь нүдээ нээгээд цөөхөн, хэд хэд шиднэ. Дараа нь дахиад л нүдээ буцаагаад боо гэхэд нь дахиад л хачин санагдах болно. Бөмбөг шидэхэд минь оролцох бүх булчин шөрмөсийг би мэдрэхийг хичээдэг байсан. Нүдээ боогоод, юу ч харахгүй шидэх тусам, би улам л нүдэндээ найдах шаардлагагүй болж, илүү эвтэйхэн шиддэг болж байсан. Ахлах сургуульд ороход бид уг нүдээ боож, юу ч харалгүй бөмбөг шидэх бэлтгэлээ хэдэн зуун удаа хийчихсэн байлаа. Мөн тухайн үед гэхэд аав маань намайг сатааруулах гэж оролдоход тэр цагаа зүгээр л хий дэмий үрдэг болсон байв. Би толгойдоо цагираг төсөөлөн харж чадаж байлаа. Swish. Swish. Swish. (Цагираг руу бөмбөг шидээд, цэвэр орох үед ингэж дуугардаг. Намайг өсч томрох тусам эцгийн маань сэтгэлзүйн хүмүүжлийн талаархи санаа арай бага хачин санагдах болсон. 10-р ангидаа хотынхоо аваргын төлөөх тэмцээний хагас шигшээ тоглолтод оролцохоор явж байснаа санаж байна. Аав багийн маань бүх тоглогчдыг машинаараа зөөж авч байсан юм, харин тэгэхэд би хонины хонхорт суучихсан. Машины хөгжмөө тултал нь чангалчихсан, бас манай багийн залуус эргэн тойронд алиалж, наргиж явлаа. Хүрэх газрынхаа талд явж байхад аав маань над руу эргэж хараад, намайг ширтээд, ингэж хэлсэн юм. "Тайвшир, анхаарлаа төвлөрүүл." Тэр маш чанга хэлсэн ч гэсэн би л зөвхөн түүний хэлэхийг сонссон. Би нүдээ анив. Машин донсолж, багийн нөхөд маань дуулж, орилж, наргиж цэнгэсэн хэвээр л. Би анхаарлаа төвлөрүүлэхийн тулд байдгаараа хичээнэ. Би гутлаа өмсөж, тоглолтын өмсгөлөө өмсөж, тоглолт эхлэхийн өмнө дасгалжуулагчийнхаа үгийг сонсож байна гэж бодсон. Намайг талбай руу гарахад гэрэл хэр хурц тусах бол гэж би дотроо төсөөллөө. Үзэгчид дундаас хэн нэгэн над руу хашгирч байна гэж төсөөллөө. Миний тус тоглолтын анхны үсрэлттэй шидэлт ямар санагдах бол доо гэж төсөөлөхийг оролдов. Би өрсөлдөгч багийнхаа шилдэг тоглогчийг, түүний хэрхэн хөдлөх гэж буйг толгойдоо төсөөлөн, харж чадаж байлаа. Машин маань зогсоол дээр зогсоход бид тоглолтын ордны гадаа ирсэн байгааг ойлгосон. Би тоглоход бэлэн болсон байлаа. Бүтэн тоглолтын турш онооны зөрүү их ойрхон явсаар, тоглолтын 4-р үе дуусахад 40 секунд үлдсэн байв. Би гурваас оноо тэнцсэн. Эсрэг баг харин нөгөө талд хоёр торгуулийн шидэлтээ алдав. Дараа нь манайх довтолгоо хийж байх үедээ бөмбөгөө алдаж, эсрэг баг маань буцаад бөмбөгтэй болчихсон. Таван секунд үлдээд байхад тэд минутын амралт захиаллаа, тоглолтын оноо тэнцүү. Эргээд харвал, би ямар тайван байсан тухайгаа бодож байна. Оюун санаа минь сандарч түвдээгүй. Би төвлөрсөн. Эсрэг баг хажуугийн шугамнаас бөмбөг гаргах үед, би огцом үсэрч бөмбөг тасалж чадсан юм. Улмаар талбайн голоос би шидэж, шидэлт маань ч байндаа туссан. Яагаад ч юм, ямар нэгэн байдлаар бөмбөг яг цаг дуусч байхад орсон. Манай баг хотын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх тоглолтод шалгарсан. Хожлын шидэлт гүйцэтгэсэн минь сайхан байсан ч гэлээ, би тэр мөчид бөмбөг тасалж чадсанаараа илүү их бахархаж байлаа. Би яг зөв цагтаа зөв шийдвэр гаргаж чадсан. Би коллежид талбай дээрээ хийх тоглолт эхлэхийн өмнө ордон дотор оюун бодлоо цэгцэлж, дуу чимээгүй гаргадаггүй байсан. (Жамал коллежид Kentucky Wildcats багт тоглодог байсан. Би бүгдийг нь амтлахыг хүссэн. Оюутан сурагчид, төгсөгчид, улирлын тоглолтуудын тасалбар эзэмшигчид гээд л хаа сайгүй цэнхэр бас цагаан өнгөнүүд. "Kentucky"-гийн хөгжөөн дэмжигчид огт өөр түвшинийх. Сагсан бөмбөгийн спорт Канад улсад алдартай болж байгаа боловч "Kentucky"-гийн хөгжөөн дэмжигчид огт өөр онцгой төрлийнх. Дасгалжуулагч Жон Калипари (John Calipari) болон дасгалжуулагч Кэнни Пэйн (Kenny Payne) нар бол "Kentucky"-ын сургуульд элсэх болсон том шалтгаан. Тэдний нээлттэй байдал нь дасгалжуулагчидтай харилцаж ойлголцоход үнэхээр хялбар болгосон. Маш олон хүмүүс тэднийг зөвхөн зурагтаар л харж байсан.

Дасгалжуулагчийн хувиар тэд нэгэн зэрэг наргиж бас нухацтай хандаж чаддаг. Тэд сэтгэл хөдлөл мөн хөдөлгөөн ихтэй. Дээрээс нь тэд бидэнд нэг гэр бүл шиг л ханддаг. "Lexington" хот энэ жил миний хоёр дахь болсон. Энэ хөтөлбөр нь бид бүгдийг нэг ижил гэр бүлийн нэгэн хэсэг болгож буй нь тун таатай байна. Намайг дэмждэг Kentucky Wildcats багийн фэнүүдэд гэж хэлэхэд, би та нарын өмнө тоглох дуртай байсан шүү. Би чин сэтгэлээсээ баярлаж талархаж байна.  Багийн анд нөхөд, өөрсдийн уламжлалаа би үнэхээр их санаж байна. "Охио Стэйт"-ийн эсрэг хийсэн энэ улирлын үеэр би гурван онооны шидэлт амжилттай гүйцэтгээд зөрөөд хамгаалахаар талбайн нөгөө зах руу гүйсэн юм. Би сэлгээний сандал руу хартал, багийн хамтрагч EJ Floreal нум сум харваж буй мэт дүр эсгэж байв. Дараагийн удаа би гурван онооны шидэлт хийчихээд, түүний хийсэн зүйлийг дуурайсан юм л даа. Сумаа татаж буй баруун гараа хойшлуулаад, дараа нь харвана. Улмаар багийн хэн ч байсан гурваас хийх болгонд манай багийн сэлгээний тоглогчид үүнийг хийж эхэлсэн. Уламжлал, шинэ хоч ингэж л төрсөн юм. Ирэх жил би багийнхаа тоглолтыг болон тэдний амжилтыг ажиглана аа. Тэд том амжилт гаргаж бас өөрсдийн гэсэн шинэ уламжлалыг бий болгох болно гэдгийг би мэдэж байна. Би бүх зүйлийг удирдаж, хянаж чадахгүй гэдгээ мэдэж байна. Гэхдээ би яг л биеийн хүчний тоглолттойгоо адил сэтгэл санааны тоглолтондоо анхаарлаа төвлөрүүлэх болно. Эгзэгтэй үед би нөгөө багийнхаа шилдэг тоглогчийг хаамаар байна. Би сүүлийн шидэлтийн бөмбөгийг байна. Дараагийн бай маань ямар гэдгийг харахыг би тэсэн ядан хүлээж байна. Би сохорсон байсан ч хамаагүй. Би дараагийн шидэлтээ хийх л болно.

Эх сурвалж: Basketpedia 


Жамал Мөрригийн амьдралын нэг хэсэг...
2020-05-15 11:25:36
Тухайн мэдээлэлд өгөх таны хариулт?
  • 0
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд moment.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0