Үндэсний судалгаа зөвлөгөөний төв /NRCC/-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Тус төв нь 2009 оноос хойш Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааг жил бүр гаргаж байгаа бөгөөд 2014 оноос улирлаар танилцуулдаг болсон. Нийгэм, эдийн засагт итгэх иргэдийн итгэл ямар байгаа цаашлаад төсөв, мөнгөний бодлогын талаар бидний яриа өрнөлөө.
-Хэрэглэгчийн итгэлийн индексийг 2021 оны гуравдугаар улирлын байдлаар танилцууллаа. Үр дүнг харвал, иргэдийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд итгэх итгэл нэлээд буурсан үр дүн гарсан байна. Ер нь иргэдийн итгэл, хүлээлт буурах нь эдийн засгийн идэвхжил талдаа ямар байдлаар нөлөөлөх бол?
-Та голыг нь олоод асуучихлаа. Хэрэглэгчийн итгэлийн индексийн судалгааг олон жил, улирал хийж байгаа гол үндэс нь нийгэм, эдийн засгийн байдлыг тольдох юм. Учир нь, хэрэглэгчдийн хийж байгаа худалдан авалт нь улсын ДНБ-д том хувийг эзэлдэг. Монгол Улсын нийт өрхүүдийн худалдан авалт ДНБ-ий 60 орчим хувийг хийдэг. Өөрөөр хэлбэл, өрхүүд бол манай улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний 50-60 хувийг худалдан авдаг маш том бүлэг гэсэн үг. Энэ том бүлэг хэрэглэгчийн эдийн засагт итгэх итгэл сул, өнөөгийн байдлын үнэлэмж муу байвал нийт эдийн засаг эрэлт нэмэгдэхгүй, улам хумигдах эрсдэл байна.
2021 оны гуравдугаар улирлын Хэрэглэгчийн итгэлийн индексийг танилцуулсан. Судалгааны дүнгээр хэрэглэгчийн итгэлийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэлээд буурсан байна. Тодруулбал, өмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэглэгчийн итгэлийн индекс 6.8 пунктээр буурч, 74.5 хувьтай гарсан. Иргэдийн дунд эдийн засагт итгэх итгэл, өнөөгийн байдалд өгөх үнэлэмж буурсныг илтгэж байна. Задлаад харвал, хэрэглэгчдийн бизнесийн нөхцөл байдал муу, ойрын ирээдүйд бизнесийн орлого, ашигт төдийлөн өөрчлөлт гаргахгүй гэсэн хүлээлттэй байгаа нь Хэрэглэгчийн итгэлийн индексийг жилийн өмнөхөөс бууруулах гол үндэслэл болсон.
-Мөн судалгаанд оролцсон иргэдээс Засгийн газар, арилжааны банкуудад итгэх итгэлийг танддаг гэсэн. Энэ дүн ямархуу гарсан бэ?
-Иргэдийн итгэлийн индексийг дөрвөн хүрээнд үнэлдэг. Бүгд өмнөх улирлаас буурсан. Тодруулбал, Засгийн газар, арилжааны банк, Хөрөнгийн бирж, бизнесийн компаниудад итгэх илтгэл ямар байна гэдгийг тандалтаар судалдаг. Эдгээр үзүүлэлтүүдийг 2019 оноос судалж байгаа. Сүүлийн судалгаагаар хувийн секторт итгэх итгэл жилийн өмнөхөөс бага зэрэг өссөн байна. Иргэд, олон нийтийн хувьд хувийн сектортоо итгэх итгэл нэмэгдэж байна. Хөрөнгийн биржийн хувьд жилийн өмнөх түвшиндээ байгаа бол Засгийн газар, арилжааны банкуудад итгэх итгэл буурсан байна.
-Иргэдийн хувьд нийгэм, эдийн засгийн байдалд итгэхгүй, хүлээлт сул байхаар хөрөнгө оруулалт, худалдан авалтаа улам нь танаж, болгоомжтой хандана гэсэн үг. Ийм нөхцөлд, төсөв мөнгөний бодлого улам тэлээд байх нь хэр оновчтой вэ?
-Төсөв, мөнгөний бодлогыг бид тус тусад нь ярих ёстой. Миний хувьд мөнгөний бодлого дээр түлхүү санал хэлье. Мөнгөний бодлогыг Монголбанк хариуцан явуулдаг. Мөнгөний бодлогын үндсэн зорилго бол дотоодын үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэдэг. Энэ талаас нь харвал, манай судалгаа Монголбанкинд маш чухал мэдээлэл гаргаж өгч байгаа. Тухайлбал, хүлээгдэж буй инфляцыг иш татаж болно. Гуравдугаар улирлын судалгаагаар 6-12-р сарын инфляцын түвшинг 8-10 хувь байна гэсэн үр дүн гарсан. Иргэдийн дунд үнийн түвшин өснө гэсэн хүлээлт үүсчихсэн байна. Хүлээгдэж байгаа үнийн түвшин өндөр байна шүү гэдэг мессежийг Монголбанкинд өгч байгаа.
Гэтэл 2022 онд төрөөс баримтлах мөнгөний бодлогод инфляцыг 6+/- хоёр хувь гэсэн зорилт тавьсан байна. Өөрөөр хэлбэл, 4-8 хувьд инфляцыг барина, тэр дундаа зургаан хувьд тогтворжуулна гэсэн зорилт тавьжээ. Гэвч иргэдийн дунд байгаа инфляцын хүлээлт 10 хувь буюу Монголбанкны бодлого, иргэдийн хүлээлтийн дунд маш өндөрзөрүү үүсэхээр харагдаж байна. Тэгэхээр Монголбанк одоогийн бодлогоо бариад явбал инфляцыг удирдлагаасаа алдах аюул байна. Бодлогын хувьд инфляцыг тогтвортой түвшинд барих үндсэн арга нь мөнгөний бодлого шүү дээ. Өнөөгийн нөхцөлд мөнгөний нийлүүлэлтээ үргэлжлүүлэн тэлэхээс илүү хумих бодлого нь үр дүнтэй харагдаж байна. Тэгэхээр Монголбанк ийм өөрчлөлтийг ойрын үед хэрэгжүүлэх үү гэдэг асуулт гарна. Эдийн засгийн төлөв байдалтай уялдуулж харвал, мэдээж хумих бодлого нь амаргүй сонголт. Үнийн өсөлтийг мөнгөний нийлүүлэлтээр хумьж хязгаарлах нийт эрэлтээ унагаахвий гэдэг болгоомжлол Монголбанкныханд байгаа байх. Гэхдээ үнэ өсөх сэдэл үүссэн энэ үед Монголбанк инфляцын зорилтоо биелүүлэх нь чухал болов уу. Учир нь, үнийн өсөлт буюу инфляцыг сайн удирдаж чадвал Монголбанк иргэдийн дунд итгэлээ бэхжүүлнэ. Монголбанкинд итгэх итгэл өндөр байж зарласан бодлого нь хэрэгжих баталгаа болдог. Тэгэхээр Монголбанк мөнгөний бодлого тэр дундаа үнийн тогтвортой байдалд анхаарлаа хандуулж, бодлогын тохируулга хийх нь зүйтэй.
Түүнчлэн, Монголбанк аль болох өөр салбарын бодлого руу орохгүй байх нь чухал. Ялангуяа, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдтэй орооцолдож, холбогдох нь эргээд Монголбанкинд итгэх итгэлийг сулруулах, мөн шинэ эрсдэлийг бий болгож байна. Монголбанк олон газрын хариуцсан ажлыг олон нийтэд зарлаж, бид хийх гэж байна гэж яриад байгаа үнэндээ зохисгүй. Хөтөлбөрийн үр дүн ганцхан Монголбанкнаас биш олон газрын хүчин чармайлтаас биелэх эсэх нь харагдана. Хэрвээ Монголбанк хэлсэн, ярьсандаа хүрэхгүй бол иргэдийн итгэл улам суларна, цаашлаад банкинд итгэхгүй, инфляцаа онилох чадвар ч суларна.
-Тодруулж асууя, Монголбанк үнийн тогтвортой байдлыг хангаж ажиллах нь чухал гэлээ. Гэхдээ үнийн тогтвортой байдлыг хангана гээд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийж байсан туршлага Монголбанкинд бий. Тэгэхээр үнийн тогтвортой байдлыг хангах гэдэг дээр яг ямар бодлогын тохируулгыг Та хэлж байна вэ?
-Үнийг тогтвортой байлгана гэдгийг Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй хольж ойлгож огт болохгүй. Энэ бол эсргээрээ хөтөлбөр шүү. Үнэ тогтворжуулах хөтөлбөр бол Монголбанкны хийх ёстой ажил, хамрах хүрээ биш байсан. Засгийн газрын зорилго зорилттой холбоотой хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон нь Төв банкны хамгийн том алдаануудын нэг. Энэ нь миний ярьж байгаа үнийг тогтвортой байлгах бодлого биш. Миний хувьд үнийг тогтвортой байлгах гэдэг нь инфляцыг зорилтод түвшинд барихыг хэлж байгаа юм. Инфляцыг зорилтод түвшинд барихдаа мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулан барих юм. Уламжлалт арга хэрэгсэл буюу Төв банк өөрийнхөө нээлттэй зах зээлийн арга хэрэгслийг ашиглах, эсвэл нөөцийн норм, хүүгээр дамжуулан нийт эдийн засагт үнийн түвшинг тогтвортой байлгах боломж бий.
-Гэхдээ Монголбанк Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн хөтөлбөрт оролцсон нь Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй ижил төстэй арга хэмжээ биш үү?
-Ер нь Монголбанк Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрөөс аль болох зайгаа барих, өөрийнхөө бие даасан байдлыг хадгалах хэрэгтэй. Улс төрийн хувьд бие даасан, хараат бус шийдвэр гаргадаг имижээ бүрдүүлбэл иргэдийн Монголбанкинд итгэл өндөр болно. Монголбанк итгэх итгэл өндөр байснаар санхүүгийн орчин эрүүл, үнийн тогтвортой байдал хангагдах чадавх улам бэхжинэ.
-Нөгөө талд үнийн түвшин тогтворгүй байгаа нь Монголбанкнаас үл хамаарсан, нийлүүлэлтийн гаралтай үнийн өсөлт гэж тайлбарлаж байгаа шүү дээ?
-Монголбанк болон Статистикийн хорооноос үнийн өсөлтийн задаргаа судалгааг байнга хийдэг. Сүүлийн саруудад тээвэр, хүнсний бараа бүтээгдэхүүн зэрэг цөөн хэдэн барааны үнэд өндөр өсөлт гарсан байна. Мэдээж үнэ өсгөж байгаа хүчин зүйлийг ялгаж салгах нь зөв. Гэхдээ тодорхой бүлэг, нөхцөл байдлын шалтгаанаас уламжилсан үнийн өсөлт байгаа бол түүнийг онилсон, тохирсон бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Есдүгээр сарын инфляц 9 хувьтай гарсан бөгөөд Төв банкны зорилтод түвшнээс гурван пунктээр өндөр явж байна. Нэгд, өнөөдрийн инфляцын түвшин Монголбанкны зорилтоос давсныг бодитоор харуулж байна. Хоёрт, манай судалгаанаас гарч байгаа иргэдийн дунд дахь хүлээгдэж байгаа инфляцын түвшин ойрын үед буурахгүй гэдгийг илэрхийлж байна. Ерөнхий үнийн түвшинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байгаа учраас мөнгөний бодлогын арга хэрэгслээр оролцохгүй байна шүү дээ. Нийтлэг бараа бүтээгдэхүүний үнийн түвшин 9 хувь байна гэдгийн цаана мөнгөний бодлогоор зохицуулалт хийх шаардлага үүссэнийг харуулж байна. Хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлтөд дан ганц хомсдол нөлөөлж байна уу, эсвэл иргэдийн худалдан авах чадвартай холбоотой байна уу. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогуудтай холбоотойгоор эрэлтийн гаралтай үнийн өсөлтийн шалтгаан байгааг үгүйсгэхгүй.
-Төр засгаас цар тахлын нөлөөллөөс иргэдийн орлогыг хамгаалах, дэмжих хүрээнд нийтээр нь хөнгөлөлтийн арга хэмжээ авч, одоо ч зарим нь үргэлжилж байна. Гэсэн хэрнээ иргэдийн худалдан авах чадвар суларч, итгэл буурч байгааг харвал бодлого төдийлөн оновчтой биш байв уу?
-Цар тахлаас үүдэлтэйгээр бизнесийн байдал эрс муудсан. Энэ нь бизнес эрхэлж байгаа хүмүүсийн хувьд орлогоо нэмэгдүүлэх, ашигтай ажиллах орчин нөхцөл муудсан гэсэн үг. Хамгийн том шалтгаан нь мэдээж цар тахал. Цар тахлаас болж хэд хэдэн удаагийн хатуу хөл хорио тогтоож бизнесийн үйл ажиллагааг зогсонги байдалд орууллаа. Одоо ч гэсэн цар тахлаас болж бизнес нь сэргэхгүй, хил гааль хаагдсанаас хүнд байдалд байна.
Төрөөс олгож байгаа халамж, хөнгөлөлт нь орлого багатай хэсгийн хэрэглээ, амьжиргаанд дэмжлэг болж байгаа. Харин орлого нь тогтвортой хүмүүст нэмж орлогын дэмжлэг үзүүлбэл хуримтлал болох талтай. Тиймээс анхны бодлогын зорилго нь иргэдийн амьжиргааг тэтгэх замаар зах зээл дээрх эрэлтээ дэмжинэ гэсэн байсан. Гэтэл зарим хэсэгт нь хуримтлал болоод очихоор хөтөлбөр үр ашиггүй болно. Хэрэглээ биш хадгаламж болгох хүмүүст мөнгө өгөөд зах зээлд өөрчлөлт, нөлөө гарахгүй. Тиймээс бодлогоо сайтар судалж, үндэслэлтэй байх хэрэгтэй.
Хоёрт, цахилгаан дулаан усны мөнгийг төрөөс хөнгөлж байгаа. Энэ бодлого нэлээд хүртээмжтэй байгаа ч дахиад хэр мөнгө хэмнэж байна вэ гэдэг нь ялгаатай байна. Өндөр хэрэглээтэй, өндөр орлоготой хүмүүст өндөр, бага орлоготойд бага тусаад байна. Ер нь бага орлоготой өрхүүдээ бага дэмжье, өндөр орлоготойдоо ихээхэн мөнгө өгч дэмжье гэдэг чинь утгагүй шүү дээ. Хамгийн бага орлоготой нь хамгийн бага үр шим хүртэж байгаа маш доголтой бодлого болчихож байгаа юм.
-Таны хувьд 2022 оны төсвийн бодлого дээр ямар байр суурь, зөвлөмж өгөх вэ?
-Төсвийн бодлого талдаа халамжийн хүрээгээ нэн түрүүнд өөрчлөх шаардлага байна гэж харж байна. Тодорхой хөшүүрэгтэй, зорилтот бүлэг рүүгээ чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхгүй бол хэтдээ маш том эрсдэл л болно. Өнөөдөр бүгдэд нь санал болгодог халамжийн бодлого цааш явахад хүнд болсон. Шууд утгаараа төсвийн зардлыг нэмэгдүүлж байна. Улсын төсөв хэр удаан энэ ачааллыг нь дааж явах вэ. Төсвийн талаасаа нөөц ч шавхагдаж байна. Тиймээс халамжийн бодлогын дизайнаа өөрчлөх цаг болсон. Гэхдээ бодлогын өөрчлөлтөө судалгаатай, шинжилгээтэй, тооцоотой хийх хэрэгтэй. Хэрэгтэй хүнд нь хэрэгтэй дэмжлэгийг нь өгөх чиглэлд явах. Энэ нь нэг талдаа төсвөө хэмнэх ач холбогдолтой. Нөгөө талдаа бодлогын өгөөжийн асуудлыг гаргаж тавьж байна.
Өнөөдөр хэдэн их наядын хөтөлбөр хэрэгжүүлчихээд тэрийгээ үр дүнтэй эсэхийг юугаар хэмжээд байгаа юм бэ гэдэг том асуудал байна. Засгийн газар гурван их наядын хөтөлбөрт 300 хүн хамрагдсан, гурван мянган хүн хамрагдсан гээд тоо яриад байгаа. Гэтэл эцсийн дүнд тухайн бодлогод хэдэн хүн хамруулах нь гол зорилго биш. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого бол түүнийг хэмжих хэмжүүр нь юу байх вэ гэдгээ тодорхой болгох ёстой шүү дээ. Тухайлбал, ажил эрхлэлт хэдээр нэмэгдсэн, орлого хэдээр өсөв, ажилгүйдлийн түвшин хэдээр буурсан вэ зэргээр хэмжих шалгуур үзүүлэлтүүд байх ёстой. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд гурван их наяд төгрөг зарцуулчихаад өнөөдөр ажиллах хүчний оролцоо 60-аас 56 бол дөрвөн пунктээр буурсан бол тухайн бодлогыг үр дүнтэй байсан гэж үзэх үү. Үр дүнтэй эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай гаргаж тавих хэрэгтэй. Тоо ярьж биш шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, тооцоо ярьж маргадаг болмоор байна. Тэгж байж л бодлого үр дүнгээ өгч, хүрэх ёстой хүндээ өгөөжөө өгнө.
Засгийн газар бол ид шидтэн биш. Засгийн газар бол өрх айл, хувь хүнтэй адилхан. Юу хийж бүтээв, ямар орлого олж, түүнээсээ хэдийг зарцуулав гэдэг айл бүрт байдаг данс тэнд явж байгаа. Засгийн газрын онцлог нь орлогыг бүрдүүлж байгаа эх үүсвэр нь засаг өөрөө биш, ажил хөдөлмөр хийж байгаа хүмүүс буюу татвар төлөгчид. Татвар төлөгчдийн бүрдүүлж байгаа хэдэн их наяд төгрөг яг юунд зарцуулагдаж байгаа, зорилгоо биелүүлж байгаа юм уу, гүй юм уу гэдгийг асуух цаг болсон.
Хоёрт, төсвийн тооцоо судалгаа болон татвар төлөгчийн мөнгөөр хийсэн төрийн байгууллагуудын судалгаануудыг ил болгох хэрэгтэй. Ил болгож тавих нь төрийн үүрэг. Татвар төлөгчийн мөнгөөр хийсэн судалгааг татвар төлөгчид ашиглах, мэдээлэл авах бүрэн эрхтэй юм. Тиймээс төр энэ үүргээ биелүүлмээр байна.
Бүх бодлогын ард судалгаа явж байдаг. Гэхдээ тухайн судалгаа үнэхээр шинжлэх ухааны үндэслэлтэй юу, бодлогын дэвшүүлж санаа нь зөв үү, буруу юу гэдэг дээр судлаач, шинжээчид санал бодлоо уралдуулах, хэлэлцэх, алдаа дутагдал байгаа бол засч залруулах боломжийг төр олгох үүрэгтэй. Нөгөө талд үндэслэлтэй сайн судалгаагаа бодлого боловсруулагчид хамгаалах, зөв мэдээллээр хангахад энэ нь маш чухал. Бодлого үр дүнтэй, өгөөжтэй эсэхийг нийтээрээ ярилцахад судалгаа л чухал. Гэтэл одоо төсөвтэй холбоотой бодлогын асуудлуудад байнга таамгаар хариулт өгдөг. Ард нь үндэслэлтэй тооцоо, судалгаа байгаа эсэх нь тун эргэлзээтэй. Ингэж яваад байгаа учраас төсөв үр ашиггүй, өгөөжгүй болж бухимдал л улам нэмэгдэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Алтанцэцэг: Монголбанк инфляцыг удирдлагаасаа алдах эрсдэл үүсчихсэн байна |
2024-11-22 10:48:07
2024-11-22 10:46:03
2024-11-22 10:45:10
2024-11-22 10:01:59
2024-11-22 09:53:18
2024-11-22 09:49:03
2024-11-18 10:06:44
2024-11-18 10:06:07
2024-11-18 10:00:43
2024-11-18 09:59:27