“Жаргалант” уулчдын клубийн өндрийн багийн ахлагч, уулын спортын мастер С.Ганхүүтэй ярилцлаа.
-Монголын уулчид анхны багийг бүрдүүлж, дэлхийн дээвэр Эверест ууланд авирах гэж байгаа гэсэн. Хэрхэн багаа бүрдүүлсэн бэ?
-Уулчин хүний мөрөөдөл дэлхийн дээвэр болсон Эверест уул. Тэр зорилго хүсэл мөрөөдлийнхөө дагуу Монголын есөн уулчин бэлтгэл сургуулилалтаа хийгээд дуусч байна. Яагаад есөн хүнтэй баг бүрдүүлсэн бэ гэхээр 2005 оноос анх Гавьяат уулчин Г.Өсөрбаяр Эверест ууланд мөрөө гаргасан. Тэр цагаас хойш 18 жилийн хугацаанд Монголын есөн уулчин ганцаарчилсан авиралтыг хийсэн байдаг.
Тийм учраас энэ тоог бэлгэдэж багийн гишүүдээ бүрдүүлсэн юм.
Зарим жил нь хоёр, гурван уулчин авиралт хийсэн байх жишээтэй. Багаараа маш том, зоригтой зорилго тавьсан байгаа.
-Багийн гишүүдээ танилцуулахгүй юу?
-Багийн есөн тамирчнаас гадна Эверестэд хоёр удаа баг бүрдүүлэн авиралт хийсэн уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Ганбаатарыг дасгалжуулагчаар, түүний гэргий олон улсын хэмжээний мастер Ц.Цогзолмааг зөвлөхөөр ажиллана. Менежертэйгээ нийлээд 12 хүний бүрэлдэхүүнтэй баг явна. Бид өчигдөр өглөө гэхэд Сутай, Жаргалант хайрханд шөнийн авиралт хийж, бэлтгэл хийгээд ирсэн.
Манай баг таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй тамирчинтай.
Хүйсийн харьцаа зүгээр. Ихэнх уулчин маань 5000, 7000 метр өндөртэй ууланд авирч үзсэн туршлагатай. Долоон хүн нь 7000 метр, хоёр нь 5000 метр өндөр оргилд авирсан.
-Та өмнө нь уулчид ганцаарчилсан авиралт хийж байсан гэлээ. Тэгвэл багий авиралт юугаараа ялгаатай, эрсдэлтэй байдаг вэ?
-Уулын ганцаарчилсан авиралтыг хийхэд хүн өөр өөрийнхөө төлөө ажиллаж бэлтгэл сургуулилалтаа хийж бэлддэг. Миний хувьд дандаа багаар авиралт хийдэг учраас багийн талаас ярих дуртай. Багаараа бэлтгэл сургуулилалт хийнэ гэдэг олон давуу талтай. Мэдээж хэрэг эрсдэлтэй байлгүй яахав. Эрсдэл гаргахгүй нь тулд зөв бодож, төлөвлөж багийн дэмжлэг, сэтгэл санааны бэлтгэл гээд тэс өөр.
Уулын авиралт багийн авиралт байдаг. Ганцаараа явж байгаа уулчид бусад орны багт орж, оргил дээр гарна шүү дээ.
Бид одоо монголчууд багаараа уулын авиралт хийж чаддаг юм байна гэдэг мессежийг дэлхийд өгөхийг зорьж буй. Өмнө нь бид 2021 онд Киргизийн Ленин оргилд 12 уулчин очиж, 10-уулаа авирсан. Хан тэнгэрт наймуулаа, 2022 онд Лениний оргил руу долоон уулчинтай авираад ирсэн. Мөн давхар улс орноо сурталчилж, явдаг.
-Ууланд авирахад заавал авч явах багаж хэрэгслээ хэрхэн базаах ёстой вэ?
-Би өөрөө 7000 метрийн өндөр уулаас дээш авирч үзээгүй. Гэхдээ бидний дэргэд хоёр багш зөвлөх учраас тэднийхээ зөвлөгөөгөөр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа 8000 метрээс дээш үхлийн бүс гэж ярьдаг орчинд хэрхэн авиралтаа хийж дуусгах вэ. Дандаа шөнийн авиралт хийнэ. Хүчилтөрөгчийн баг зүүж авиралт хийдэг учраас нэлээн бэлтгэлээ сайн хангаж байна.
Багаж хэрэгсэл, хувцасны хувьд цаанаасаа жагсаалт гаргаж, гэрээнд тусгасан байдаг.
-Уулын спорт үзэгчгүй хамгийн хүнд төрлийн спорт гэлээ. Мэдээж уулчин хүн авирах уулаа судална. Авиралтын үндсэн дүрэм гэж байдаг байх?
-Мэдээж хэрэг багаараа Эверест уулыг сүүлийн хоёр, гурван жил судалсан. Тийшээ авиралт хийсэн хүмүүсээс асууж, тандалт хийнэ. Гадаадын уулчдын бичлэг, мэдээллүүдийг цуглуулна. Гэвч тухайн үед биднийг очиход газар дээр ямар байхыг мэдэхгүй. Тэнд байхад янз бүрийн өөрчлөлтөд бэлэн байх ёстой учраас бэлтгэлээ л сайн хангах нь зүйтэй.
Нэгдүгээрт, хувь хүний бэлтгэл, багийн нэгдэл, зорилго, сэтгэл зүй бэлэн болсон байх ёстой. Үндсэн зарчим бол нэг баг болж хамтрах.
-Нэг олс нэг амь ч гэж ярьдаг шүү дээ?
-Хүмүүс янз бүрээр л ярина. Багаараа олсонд орж явж болно. Эсвэл хамгаалалтын зам тавьж байгаад багийнхнаа гаргаж болно. Авиралтын олон арга техник бий. Бид Эверестэд очоод хамгаалалт хийсэн замаараа ирнэ. Хамгаалалтын замыг тухайн улс нь тавьсан байна.
Бид тэр замаар явж чадах нь чухал. Маш хэцүү гэж сонсч байсан. Хүмүүс нэлээд хүнд зам гэж ярьдаг.
-Тамирчдын ар гэрийнхний зүгээс санаа зовж, эсэргүүцэх тохиолдол гарах уу. Зарим уулчид эрсдэлтэй гэдэг үүднээс гэр бүлтэй болдоггүй тал байдаг шүү дээ?
-Тэр бол хувь хүний асуудал. Мэдээж хэрэг ар гэрийнхэн нь санаа зовно. Тухайн авч явж байгаа багийн ахлагч хүний амь насыг дааж явах учраас давхар хариуцлага, сэтгэл зүйн ачааллыг өгч байдаг. Гэсэн хэдий ч олон жил хамтран уулын авиралт хийсэн учраас тэр тал дээр гайгүй. Тэрнээс биш огт ууланд авирч байгаагүй хүнийг хүчээр Эверест рүү авч явахгүй.
-Тэгвэл уулчид өндөр ууланд авирахад хаанаас зөвшөөрөл авдаг юм бэ?
-Дэлхийн дээвэр болсон ууланд авиралт хийх гэж байгаа учраас нэг хоёр хоногт авирах асуудал биш. Хүчилтөрөгчийн дутагдалтай орчин учраас өндрийн дасгал хийж цаг их алддаг. Тийм болохоор дээш доошоо явах, буцаж бууж амрах, хоол хүнсний хангамжуудыг тухайн улс гаргадаг. Түүнд таарсан төлбөрийг бид давхар төлж байдаг. Уулын авиралт хийхийн тулд тухайн улсын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үүднээс татвар төлж таарна.
Непаль улсад уулын авиралт хийвэл 11 мянган ам.доллар төлөх төлбөрийн заалттай юм билээ. Дээр нь үйлчилгээ авсны төлбөр нэмэгдэнэ.
Зарим хүмүүс мөнгө төлчихөөд хүмүүст чирэгдэж оргилд гардаг гэж ярьдаг. Гэтэл тийм биш. Маш өндөр эрсдэлтэй. Манай багийнхан есүүлээ явж байгаа боловч тухайн Непалын компаниас мэргэжлийн уулчин гурван хөтөч авч байгаа.
-Уулчид өндөр оргилд хийх авиралтын өмнө даатгалд хамрагдах боломж хэр байдаг бол. Жишээ нь, тэдэн мянган метрийн өндөртэй ууланд авирахдаа заавал даатгуулсан байна гэсэн албан ёсны шаардлага гэж зүйл бас л байхгүй юу?
-Бид даатгал хийлгээд явна. Гадаадад хамгийн хямддаа 25 мянган ам.долларын даатгал хийлгэх шаардлагатай. Манай Монголд өндөр эрсдэлтэй гээд уулын авиралт хийхэд даатгал хийдэг нэг ч компани байхгүй. Зөвхөн аялалын даатгал гэж бий. Уулын спорт үнэхээр эрсдэл өндөртэй.
Монголд “Ууланд авирах гэсэн юм” гэдэг зорилгоо хэлээд даатгуулах гэхээр “Өндөр эрсдэлтэй” гэж үзээд, даатгадаггүй. Ер нь л сонирхол багатай. Энэ бас л тогтолцооны алдаа.
-Уулын ганцаарчилсан авиралтыг хийхэд санхүүгийн өндөр зардал гардаг. Тэгвэл багаараа авиралт хийхэд энэ зардал хэд дахин нэмэгдэх байх. Салбар яамандаа хандаж үзэв үү. Манай баг тамирчид санхүүжилтээ хэрхэн шийдэж байгаа вэ?
-Монголчууд өмнө нь уулын авиралт хийхдээ хувиасаа санхүүгээ гаргаж, бие биеийнхээ дэмжлэгээр явж ирсэн. Багаар авиралт хийх анхны том төсөл яалт ч үгүй төр засаг, хувийн хэвшил, ард иргэдийн дэмжлэг шаардлагатай болж байна. Нэг уулчин гэхэд 30-аас дээш мянган ам.долларын зардал гарна. Эхнээсээ ядах чадахаараа санхүүгээ бүрдүүлж, онгоцны билетээ бичүүлсэн. Туршлагатай уулчид учраас бэлтгэлээ сайн базааж, санхүүжилтээ босгох тал дээр анхаарч байна. Ойролцоогоор багийн нийт зардалд 300 орчим ам.долларын зардал гарах тооцоо гарч байна. Бид одоо бэлтгэлээ хийж дууссан.
Сүүлчийн нэг сар хандивын аян өрнүүлэх төлөвлөгөөтэй байна. Төр засагтаа хандана. Бид хандивгүйгээр хаашаа ч явж чадахгүй.
Өнгөрсөн 2022 оны есдүгээр сард болсон монгол уулчны аврахад монголчууд гуравхан хоногийн дотор 24 сая төгрөгийг цуглуулж, залуу уулчнаа эсэн мэнд эх оронд нь авч ирж чадсан. Манай уулын авиралтын багтай хамтран ажиллаж, өөрсдийн байгууллага, аж ахуй нэгжийн туг далбаагаа мандуулах хүсэлтэй бол бидэнд нээлттэй хандаж болно. Төр засгаас маань дэмжинэ гэдэгт итэж байна. Ард түмнийхээ дунд хандивын аян өрнүүлэх учраас дэлхийн дээвэрт гарах хүсэл мөрөөдлийг минь дэмжихийг хүсье.
Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
"Монголын уулчид анх удаа багаараа Эверестэд авирна" |
|